СҮХБААТАР: Уул уурхайн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй компани ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-17 17:52:24

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн болон тээвэрлэлтийн компанийн удирдлагуудыг оролцуулсанБүтээгдэхүүн тээвэрлэлтийн авто зам, байгаль орчны тулгамдсан асуудалсэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэг боллоо. 


Тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Уулбаян сумдад уул уурхайн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгж тогтмол болон улирлын чанартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Зөвлөгөөнөөр байгаль орчны хамгаалал, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал, уул уурхайн тээврийн зохион байгуулалт зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, асуудлаа дэвшүүлж, шийдлийг эрэлхийлсэн нь онцлог байв.



Эрдэнэцагаан суманд уул уурхайн чиглэлээр зургаан компани ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа маш замбараагүй. Тогтсон маршрут, замгүй. Үүнээс үүдэн тоосжилт маш ихээр бий болж, мал амьтан төдийгүй иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс бүтээгдэхүүн тээвэрлэх авто замын засвар арчилгаа хийх, нүүрс тээврийн машины нэгдсэн авто зогсоолтой болох нэн шаардлагатай. Тиймээс эхний удаад эдгээр саналыг уламжилж буйгаа сумын Засаг дарга Ч.Алдарбат хэллээ.

 

Харин аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, Эрдэнэцагаан сумаас нэг км зайд нүүрс тээврийн авто машины нэгдсэн зогсоолыг аймаг, сум, уул уурхайн компани хамтарч байгуулна. Үүнтэй холбоотой 12 дугаар сарын 1 гэхэд сумын төвөөс том машинуудыг гаргахыг сумын засаг даргад санууллаа.


 

Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Уулбаян сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компанийн удирдлагуудад тээвэрлэлтийг трассын дагуу явуулах, машин явах боломжгүй болсон зам, цэгийг тогтоож нөхөн сэргээх, нэг замаар тээвэрлэх, хэвийн нөхцлийг хангах,  тогтсон трассын дагуу замын хоёр талаар шуудуу татаж хамгаалах зэргийг ажил болгохыг тэрбээр үүрэг болгов. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй компанийг хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг онцлов. Трассын дагуу тээвэрлэхгүй байгаа, хууль журам зөрчсөн компанийн тээвэрлэх үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ