Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж бие биеэ буруутгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-17 10:17:01

ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 17 /NHK/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийн хооронд өнгөрсөн баасан гарагт гал зогсоож эхэлснээс хойш ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна. Гэвч хоёр тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын танилцуулсан энхийн төлөвлөгөөний тохиролцоог зөрчсөн гэж харилцан бие биенээ буруутгаж эхэлжээ. 


Төлөвлөгөөний дагуу ХАМАС бүлэглэлийнхэн даваа гаргийн үдээс өмнө гэхэд эсэн мэнд байгаа болон амиа алдсан хүмүүсийг оролцуулаад барьцаанд байгаа 48 хүнийг суллах ёстой байсан юм. Улмаар эсэн мэнд байгаа 20 хүнийг бүгдийг нь сулласнаас гадна 10 хүний цогцсыг Израилын талд хүлээлгэн өгчээ.


Харин Израилын цэргийнхэн шилжүүлэн өгсөн цогцоснуудын нэг нь барьцаалагдсан хүнийх биш байсан гэж мэдэгдээд, ХАМАС бүлэглэл хэлэлцээрийг зөрчсөн гэж израилчууд буруутгаж байгаа ажээ. Израилын Ерөнхий сайдын ажлын албанаас пүрэв гарагт мэдэгдэхдээ, барьцаалагдсан бүх хүний цогцсыг буцааж өгөхийг ХАМАС-аас шаардсан байна. “Бид энэ тал дээр буулт хийхгүй” гэдгийг мэдэгдэлд дурджээ.


Үүний зэрэгцээ Газын зурвасын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн пүрэв гарагт мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Израилын армийн дайралтын улмаас 23 хүн амиа алдсан байна. Ингэснээр 2023 оны 10 дугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 67 967 болжээ.


Израилын тал өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас хойш гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, 24 хүний ​​амийг хөнөөсөн гэж ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан буруутган мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилсан байна. Ийм зөрчлүүдийн жагсаалтыг хэлэлцээнд зуучлагчдад хүлээлгэн өгсөн гэж тэрбээр хэлснийг уг мэдээнд эш татжээ.


Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн одоо энхийн төлөвлөгөөний дараагийн үе шат болох ХАМАС-ын зэвсгийг хураах, Израилын цэргийг Газаас гаргах зэрэг заалтыг хэрэгжүүлэхийн тулд гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж чадах эсэх нь олны анхаарлын төвд байна.

 


Холбоотой мэдээ