АРХАНГАЙ: ХАА, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчны чиглэлд эдийн засгийн бодлого чиглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Архангай аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг баталсан.
Бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна.
Эдийн засгийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, уул уурхай гэсэн салбаруудад гол үйл ажиллагаа чиглэнэ.
Тухайлбал, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг
хангаж, бүтээмжийг нэмэгдүүлэх, малын өвчлөлийг бууруулж, нийтийн эрүүл мэндийг
хамгаалах, атар-4 аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг 15-20
хувиар нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангаж, хүнсний
чанар аюулгүй байдлыг сайжруулах, ногоон, гамшигт тэсвэртэй, иргэдийн орлогод
нийцсэн орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж, хүн амыг эрүүл, ая тухтай орчинд
амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбох, дэд бүтцийг
сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоогоор хангах, ойгоор бүрхэгдсэн
талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах цогц бодлого
хэрэгжүүлэх, уул уурхайд эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг
нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах гэсэн чиглэлд ажлууд хийхээр төлөвлөжээ.