Монгол, Туркийн харилцааг шат ахиулах талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-16 09:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд тус улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай уулзаж, хоёр орны харилцааны түвшинг шат ахиулах талаар ярилцжээ.


Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу уг асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг тус улсад айлчлахыг урьсан байна.


Мөн Элчин сайд Р.Болд Туркийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Проф.ДР. Музафер Шекертэй уулзаж, хоёр талын ШУА-иудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцав.



Проф.ДР. Музафер Шекер Монголд байгуулах Чингис хааны музейн үзмэрийг баяжуулах, 2020 оны хавар Анкарад болох Олон улсын Монгол судлалын холбооны Европын бага хурлыг зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Хүндэт гишүүнээр  Монголын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Болдыг сонгосонд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ