Индонезын хоёр арал усан дор оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНСИНГАПУР. /TASS/. Индонез улсын Өмнөд Суматра арлын бүрэлдэхүүнд багтдаг хүн оршин суудаггүй хоёр арал дэлхийн дулаарлын уршгаар далайн түвшин нэмэгдсэний улмаас бүхэлдээ усан дор орлоо гэж “The Straits Times” сонинд “Байгаль орчны форум” хэмээх орон нутгийн байгууллагын мэдээллээс иш татан бичжээ.
Бетет, Гундул гэдэг арлууд одоогийн байдлаар далайн түвшнээс доош 1-3 метрийн гүнд байгаа ажээ. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Өмнөд Суматра арлын өөр дөрвөн арал алга болох аюулд өртөөд байна гэж дээрх төрийн бус байгууллагын дарга анхааруулжээ. Түүний хэлснээр, Бурунг арал хэдийн тэг түвшинд, Калонг, Салах Намао арлууд усны гадаргуугаас хоёр метр өндөрт, Крамат арал нь далайн түвшнээс 3 метрийн өндөрт оршиж байна.
Далайн түвшин нэмэгдсэний улмаас 1990-ээд оноос хойш нутгийн оршин суугчид Салах Намао арлыг аажмаар орхиж эхэлсэн боловч уг арал дээр хүн оршин суусан хэвээр байгаа болохыг тэрбээр онцлон хэлжээ. Тэрбээр мөн усан дор орсон Бетет арал дээр өмнө нь ЮНЕСКО-гоос хүлээн зөвшөөрсөн үндэсний дархан цаазат газар байсныг хэлсэн байна.
Индонез улс нь 18 мянган арал бүхий дэлхийн хамгийн том бүлэг арал дээр оршдог билээ.