БНСУ-д байрлаж буй АНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-16 14:22:23

СӨҮЛ. /Yonhap/. Америкийн цэргүүдийг Солонгосын хойгийн өмнөд хагаст байлгахад гаргах зардлын асуудлаар БНСУ болон АНУ санал зөрөлдсөн хэвээр байгаа бөгөөд талууд тохиролцоонд хүрч чадсангүй.


“Уулзалт хэлэлцээнүүдийн үеэр бид гэрээ одоогийн SMA хэлэлцээрийн хүрээнд үндэслэлтэй, шударга байх ёстой гэсэн үндсэн байр сууриа баримталсан. Хоёр тал харилцан ойлголцож, нийтлэг ашиг сонирхлоо өргөжүүлсэн боловч санал зөрөлдөөн байсаар байна” гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Хэрхэн “цогц хэлэлцээрт” хүрэх тал дээр талууд одоогоор “харилцан буулт хийж чадаагүй байна” гэж БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Сангийн яамны санхүүгийн хорооны орлогч дарга асан Чон Ун Бо мөн мэдэгдсэн байна.


Уг хэлэлцээнд АНУ-ыг тус улсын Төрийн департаментын ажилтан Жеймс Дехарт төлөөлж байгаа бөгөөд хоёр улсын төлөөлөгчид өмнө нь таван ч удаа уулзжээ.


Энэ удаагийн зургаа дахь хэлэлцээний дүнд талууд аль болох хурдан гэрээ байгуулахын тулд хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Талуудын дараагийн хэлэлцээг дипломат сувгаар хэлэлцэж, товлохоор болжээ.


Холбоотой мэдээ