Малчдын өдөрлөгт 300 гаруй малчин оролцлоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-01-17 14:08:30

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас энэ оны нэгдүгээр сарын 14-16-н хооронд зохион байгуулсан малчдын нэгдсэн сургалт өдөрлөг өндөрлөв.

Энэ жилийн өдөрлөгт өөрийн болон зэргэлдээх сум хийгээд Өмнөговь аймгийн зарим сумаас оролцсон нь малчдын өдөрлөгийн цар хүрээг нэмэгдүүлсэн байна.

Малчдын өдөрлөгөөр “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, хурдан тэмээ, тэмээн поло тэмцээн, сайхан тэмээтэй, сайхан хос, шилмэл буур, шалгаруулсан юм.  


Тэмээн поло тэмцээнд Эрдэнийхэн тэргүүлэв




Тэмээн поло тэмцээнд Эрдэнэ, Улаанбадрах, Сайншанд сумын нийт 11 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт Эрдэнэ сумын Цагаанхөтөл багийн О.Уртнаст ахлагчтай “Хайрхан” баг шалгарав.

Дэд байрт Эрдэнэ сумын З.Очирбат ахлагчтай “Еншөөв-2” баг, гутгаар байрт Эрдэнэ сумын Д.Түвшинцог ахлагчтай “Бүрдэнэ” баг тус тус шалгарчээ.

Тэмээн поло тэмцээнд өмнө нь таваас зургаан баг оролцдог байсан бол эдүгээ 11 багийн тамирчид оролцлоо. Нийт 300 гаруй малчин өдөрлөгтөө оролцсон нь малчин түмний оролцоо нэмэгдсэн, үзэж харах зүйлтэй сайхан үйл ажиллагаа боллоо хэмээн  сумын Засаг дарга Э.Ганбаяр ярив.


Хурдан тэмээний уралдаанд Б.Ариунболдын шар ат түрүүллээ


Малчдын өдөрлөгт зориулсан хурдан тэмээний уралдаанд Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Хүрмэн зэрэг сумаас нийт 50 гаруй тэмээ уралдав.

Тэргүүн байрт Улаанбадрах сумын  Б.Ариунболдын шар ат давхисан бол аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Б.Хадбаатарын улаан ат, гуравдугаар байрт мөн Хүрмэн сумын  Б.Эрдэнэтөгсийн хөх ат хурдаллаа.

Харин дөрөвдүгээр байрт Улаабадрах сумын малчин Г.Отгонжаргалын шар ат, тавдугаар байрт Улаанбадрах сумын  малчин Б.Мөнх-Эрдэнийн бор ат шалгарчээ.


Д.Гомбын Улаан тором бусдыгаа манлайлав



Хурдан торомны уралдаанд Эрдэнэ, Улаанбадрах Хөвсгөл, Өмнөговь аймгаас нийт 30 гаруй тором хурдаллаа.

Тэргүүн байрт сумын бүрдэнэ багийн малчин Д.Гомбын Улаан тором түрүүлсэн бол аман хүзүүнд Улаанбадрах сумын малчин Б.Ариунболдын шар тором, гуравт мөн Улаанбадрах сумын Б.Мөнх-Эрдэнийн хар, дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Б.Хадбаатарын бор, тавдугаар байрт Эрдэнэ сумын бүрдэнэ багийн малчин Г.Алтанхуягийн улаан тором тус тус шалгарав.  

 

Д.Жаргалангийнх хамгийн сайхан цагаан идээтэй гэр бүлээр шалгарчээ


“Иргэн бүр санаачлагч өрх бүр үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаанд таван багийн 24 өрх сүү сүүн бүтээгдэхүүний 11 нэр төрөл, оёмол, ширмэл, ноосон болон суран эдлэлээр оролцов.

Хамгийн сайхан цагаан идээтэй өрхөөр Бүрдэнэ багийн Д.Жаргалангийн гэр бүл, дэд байрт Еншөөв багийн Ц.Алтансүхийн  гэр бүл, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэнээр тэргүүн байрт Еншөөв багийн Ж.Мөнх-Очир, дэд байрт Бүрдэнэ багийн Б.Алтанзул нар шалгарав.

Д.Жаргалан гуай өмнө нь Монгол Улсын  залуу аварга малчин болж байжээ. Тэднийх ингэний хоормог, ааруул, өрөм зэрэг малын цагаан идээгээ амт чанар сайтай бэлтгэхээс гадна малын үс ноосоор гэрийн бүслүүр, малын эдлэл хэрэглэл хийдэг аж.


Эрдэнэ сумын мал 12.8 хувиар өсөв


Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын мал 151 мянган толгой болж өмнөх оныхоос 12.8 хувь буюу 16 мянга гаруй толгойгоор өсжээ.

Үүнээс адуу 14384, үхэр 7847, тэмээ 2918 хонь 55215, ямаа 62954 толгой байна. Мөн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Л.Батдэлгэр 1000 гаруй адуу тоолуулж сумандаа адууныхаа тоогоор тэргүүлсэн байна.  

Холбоотой мэдээ