Байгаль орчинд ээлтэй төсөл шалгаруулж, санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-20 10:36:23

Ховд /МОНЦАМЭ/. “Spaces” төсөлд хамрагдаж орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд “Төсөл бичих аргачлал”-ын сургалтад оролцов.

Өнгөрсөн 2019 оны 3 дугаар сараас эхлэн Spaces буюу “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалж, хамгаалахад хувь нэмэр оруулах нь”  сэдэвт төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна.

Тус төслийн үйл ажиллагааг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын БОАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй.

Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих, “Нэмэлт орлогын сан”-гаас санхүүжүүлэх ажил зохион байгуулж байгаа юм. 

Тус төслийн багийн гишүүд  энэ оны нэгдүгээр сарын 17-19-нд сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийн гишүүдэд зориулж “Төсөл бичих аргачлал”-ыг танилцуулах сургалт зохион байгууллаа.

“Нэмэлт орлогын сан”-гаас санхүүжүүлэх төслийг 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ЗДТГ-ын 420 тоот өрөөнд хүлээн авах юм.

Мөн цахим хэлбэрээр буюу khovdALFund@gmail.com хаягаар “Нэмэлт орлогын сан” гэсэн тодруулга бичиж, илгээх боломжтой гэж төслийн багийнхан хэллээ.

Улмаар "Төсөл сонгон шалгаруулах тусгай комисс" хамгийн сайн хөгжих, өргөжих давуу талтай төслийн саналуудыг шалгаруулж, 25 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох аж. Төслийн сонгон шалгаруулалт, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 95045658, 95045157 утсаар холбогдож авах боломжтой юм.  

Холбоотой мэдээ