"Эрдэнэс Тавантолгой" ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурлаар шийднэ

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2020-01-20 08:28:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийднэ. 

Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийднэ гэж заасан бий. Энэ хугацаа ирэх 2 дугаар сарын 19 болж байгаа юм. Энэ хугацаанд "ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх юм. 

Тус компанийн ногдол ашиг тараах талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хөндсөн юм. Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг холбогдох байгууллага болон албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа. Энэ нь нийгэмд, иргэдийн тунд ногдол ашиг авах хүлээлт үүсгээд байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УУХҮЯ-ны мэдээлэлд дурдсанаар, одоогоор "ЭТТ" ХК-д 12 тэрбум хувьцаа байгаагийн нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд эзэмшдэг бол 14.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг. 

"ЭТТ" ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Монголын үндэсний, дотоодын ААН-үүдээс жилийн борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрсэн компани урд өмнө нь гарч байгаагүйг "ЭТТ" ХК-иас мэдээлж байна. 


Холбоотой мэдээ