Батноров суманд шинэ спортын төв ашиглалтад орлоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-21 13:53:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Батноров сум өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр жишиг спортын төвтэй боллоо.


Уг спортын төвийг 400 гаруй сая төгрөгөөр дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгажээ. Спортын бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой тус төвийг Батноров сумын уугуул, Улсын заан Дамдинсүрэнгийн Барамсайн нэрэмжит болгосон байна.  


2015 онд Батноров сум хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласны дагуу сумын иргэд спортын төвтэй болох санал дэвшүүлснийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг "Мостлийринг" ХХК, бичил уурхайчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд таатай хүлээн авч 264 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Саяхан спортын төвийн нээлтийг хийж, спортын мастер Ө.Баатарын алдрыг тэмдэглэн түүний нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд Батноров сумын ЕБ-ын сургуулийн үе үеийн төгсөгчид, аймаг сумдын 39 баг тамирчид гурван өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулав.   


Тус спорт төвийн гадна гэрэлтүүлэг, хашааг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа Хүлэг Боорчийн өлгий нутгийнхан залуусын бие бялдрыг тэгш хөгжүүлэх боломжтой боллоо.

Холбоотой мэдээ