Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэдалай суманд ажиллав

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2020-01-20 20:54:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал, сумын үйл ажиллагаатай танилцах зорилгоор  энэ сарын 17-нд Эрдэнэдалай суманд ажиллалаа.

Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцөөс 410 тонн өвсийг үнэгүй, 350 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох шийдвэр гарсан бөгөөд ажлын хэсэг өвс, тэжээлийг Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай сумын малчдад хуваарилан өгч, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс нэг боодол өвсийг 6000, урьд онд бэлтгэсэн тэжээлийг 8000, энэ оны тэжээлийг 12000 төгрөгөөр олгох шийдвэр гарсныг малчдад танилцуулжээ.

Мөн Эрдэнэдалай сумын 1,4 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 ортой сум дундын эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, сумын 10 жилийн сургуулиар орж, нөхцөл байдалтай танилцлаа.

Эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төсөв төсөл” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 95 хувьтай байна.

Ажлын хэсэг сургуулиар орохдоо бага ангийн сурагчдын сурах орчин нөхцөл, агааржуулалтыг сайжруулах зорилгоор найман ангийг агаар чийгшүүлэгчтэй болгожээ. 

Холбоотой мэдээ