Аймгийн мал сүрэг таван төрөлдөө өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-20 17:56:42

Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт 8.9 мянган малчин өрхийн 16 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчин өрхийн тоо өнгөрсөн оноос 58-аар өсч, малчдын тоо 142 хүнээр буурчээ. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 3.2 сая гаруй мал тоологдсон байна.

Тодруулбал, тэмээ 25.6 мянга, адуу 130.6 мянга, үхэр 195.7 мянга, хонь 1.6 сая, ямаа 1.3 сая гаруй тоологджээ. Аймгийн мал сүрэг таван төрөлдөө өсч, өмнөх оноос 104.3 мянган толгойгоор нэмэгдсэн байна. Зүүнхангай, Малчин, Өндөрхангай, Сагил, Хяргас, Улаангом сум малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.   

Аймгийн нийт малын  8.8 хувийг эзэлж буй Тэс сум 287.9 мянган толгой малтайгаар хамгийн олон малтай, 2.4 хувийг эзэлж буй Баруунтуруун сум 78.1 мянган малтайгаар хамгийн цөөн малтай сумын тоонд орж байна. Мал тооллогын 2019 оны дүнгээр аймгийн хэмжээнд нийт малын тоогоор Тэс сум, тэмээгээр Завхан сум, адуу, үхэр, хониор Тэс сум, ямаагаар Өндөрхангай сум тус тус тэргүүлж байгаа аж.  

Мал тооллогын 2019 оны дүнгээр нийт сүрэгт ямаа, адуу, үхрийн эзлэх хувь 0.1 пунктээр өсч, хонины эзлэх хувь 0.5 пунктээр буурч, харин тэмээний эзлэх хувь өмнөх оны түвшинд байна. Нийтдээ 1.4 сая гаруй хээлтэгч мал тоологдож, хээлтэгчийн тоо өнгөрсөн оноос 3.3 хувиар өсжээ. Хээлтэгч малын тоо Завхан, Тариалан, Өлгий суманд 0.8-4.9 хувиар буурч, бусад суманд 0.9-11.4 хувиар өссөн байна.

 

Холбоотой мэдээ