Сар шинийн баяраар ном бэлэглэхийг уриалжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-20 20:44:13

Завхан /МОНЦАМЭ/ Завханы Боролдой номын дэлгүүрээс удахгүй болох сар шинийн баяраар ном бэлэглэх уриалгыг гаргажээ.

Тэдний уриалгыг цахим орчинд 200 гаруй хүн дэмжиж сар шинээрээ хүн бүрийн онцлогт тохирсон ном бэлэглэхийг нүүр номоороо уриалаад байна. Хүнд яг тохирсон бэлэг олно гэдэг амаргүй ажил. Тэгээд ч бэлэг авч байгаа хүн л бэлгийн үнэ цэнийг тодорхойлно. Бэлэг нэг хүний хувьд үнэ цэнтэй байхад, нөгөөгийнх нь хувьд тийм биш байж болох юм. Жишээлбэл арван хэдэн настай хүүхэд гар утас, таблет гэх мэтийг гоё бэлэг гэж бодох байх. Харин насанд хүрсэн хүний хувьд сэтгэлд дотно санагдах, үе удам дамжсан зүйлийг үнэ цэнтэй бэлэг гэж тооцох биз ээ.

Зарим оронд, дуртай юмаа авч болдог учраас ямар ч насны хүнд мөнгө өгвөл дээр гэж үздэг. Тэгвэл гараас гарт дамжсан мөнгөн тэмдэгтийг хүнд бэлэглэж байхаар ном бэлэглэвэл илүү гэдэг саналыг бид үйлчлүүлэгчдэдээ тавьж буй юм. Учир нь монголчууд оюун ухааныг эрхэмлэдэг ард түмэн. Тиймээс зохиолчийн оюун ухаанаа зориулан бүтээсэн номыг бие биедээ бэлэглэж яагаад болохгүй гэж. Ялангуяа хүүхэд залуучууд өнөөдөр цахим орчинд цагийг үр дүнгүй өнгөрөөж байна. Мөн гар утас, компьютероос салахаа больсон нь эрүүл мэндэд нь муу нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгвэл ном бэлэглэвэл тэдний ухааны цар хүрээ тэлж хөгжихөөс гадна ном уншдаг үе эргэн ирнэ гэдэгт бид итгэж байна. Тиймээс цагаан сарын бэлэгтээ ном худалдаж авбал тодорхой хэмжээний урамшууллыг бид олгоно хэмээн Боролдой номын дэлгүүрээс мэдээллээ.

Хүүхдүүд номын дэлгүүрт ном уншиж болно

Боролдой номын дэлгүүр сургуулийн хүүхдүүдийн амралтаар уртасгасан цагаар дэлгүүрийнхээ дэргэдэх уншлагын танхимаа ажиллуулжээ. Өдөртөө 20-25 хүүхэд уншлагын танхимаар үйлчлүүлж, зургийн болон дүрслэх урлаг, цаасан наамал хийх, хичээлийн хоцрогдлоо арилгах чиглэлээр өдөр бүр хүүхдүүдэд нээлттэй ажиллажээ. Тэдний дугуйланд 74 хүүхэд суралцсан байна. Дугуйлангийн хүүхдүүд үргэлжлүүлэн хичээлийнхээ бусад цагаар дугуйландаа үргэлжлүүлэн сурах боломжтой юм байна.

Завханд хүүхдийн номын дэлгүүр огт байхгүй байсан бөгөөд Боролдой номын дэлгүүр нь анхны дэлгүүр болж 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж жил бүр олон шинэлэг ажлыг зохион байгуулдаг ажээ.

Тухайлбал өнгөрсөн жил улсын төв номын санд баринтаггүй байгаа номуудад баринтаг хийх зорилгоор аян өрнүүлж 8888 ширхэг баринтгийг хандивласан ажээ. Өнөөдөр тус номын дэлгүүр 6000 орчим хүүхдийн уран зохиолын болон сурах бичиг, дэлхийн сонгодог зохиолуудыг хүүхэд багачуудад зориулан худалдаж байна.

Түүнчлэн уншлагын танхимдаа номын хандив авч байгаа бөгөөд одоогийн байдлаар байгууллага, хувь хүмүүсээс 350 гаруй ном цугларчээ. Эдгээр номыг аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бэлэглэжээ. Түүнчлэн жилд хоёр удаа номын хандивын аян өрнүүлснээр шаардлагатай байгаа албан газруудад номын уншлагын танхимын ном болгож хандивладаг байна.

Хуучин номоо хэрэгцээтэй хүнд нь борлуулахад дэмжлэг үзүүлжээ

Боролдой номын сан номын бизнес хийхээсээ илүүтэй хүүхэд залуучуудад зөв дадлыг үлгэрлэдэг ажээ.

Тухайлбал өнгөрсөн жил аймгийн Скаутын зөвлөлтэй хамтран “Сурагч таны хуучин ном бусдад хэрэгтэй” нэртэй хуучин ном цуглуулах, борлуулах аяныг явуулжээ. Тэд энэ аянаар сурагч та хуучин номоо яах вэ, шинэ ном хэдээр авах бол гэсэн асуултыг хүүхэд бүрд тавьж эх дэлхийгээ хайрлаж тогтвортой зөв дадал бий болгох, эдийн засгаа хэмнэх боломжийг олгожээ.

Сурагчдыг судалж дууссан номоо борлуулаад судлахаар төлөвлөсөн хуучин номыг зах зээлийн үнээс хямдаар авах нь эдийн засагт хэмнэлттэй. Хаягдал цаас дахин боловсруулах явц муу манай орны хувьд сурагчдын энэ алхам эх дэлхийгээ хамгаалж буй томоохон алхам болно гэдгийг зохион байгуулагчид ухуулан сурталчилжээ.

Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас 10 хоногийн дотор 3000 орчим ном цуглуулж хямд үнээр борлуулжээ. Эдгээр цугларсан номоос 1-12 ангийн хичээлийн сурах бичиг, IQ-ийн, төрөл бүрийн уран зохиолын, үлгэрийн, ЭЕШ-нд бэлтгэх номууд, сургалтын материал гээд 1000-д нэр төрлийн номыг хэрэгцээтэй хүүхдүүдэд нь худалдаалжээ. Үнийн хувьд сурах бичиг 1000-3000 төгрөг, ЭЕШ-ын ном 3000-6000 төгрөг, уран зохиолын ном 5000-20000 төгрөгийн хооронд худалдаалсан байна. Аяны хүрээнд цугларсан номуудыг бүртгэлжүүлж борлуулсан номынхоо үнийг сурагчид өөрсдөө авч ахиж өөрт хэрэгтэй номыг худалдан авахдаа зориулж байсан байна.


Улаанбаатарын үнээр нь номоо худалдан авч болно


Боролдой номын дэлгүүр Тосонцэнгэл суманд салбараа нээж өдгөө өөрийн гэсэн худалдан авагчтай болоод буй юм.

Завханы хамгийн олон хүн амтай томоохон сумын нэг Тосонцэнгэлд байгуулсан Боролдой номын дэлгүүрийн салбараас иргэд төрөл бүрийн номыг худалдан авах боломжтой бөгөөд, захиалгаар номоо худалдан авч болох юм байна. Мөн уншихыг хүссэн номоо 89263640, 99294273 утсаар захиалах боломжтой.

Боролдой номын дэлгүүрийн Тосонцэнгэл салбар нь өнөөдрийн байдлаар 1200 гаруй нэр төрлийн номоор сумын иргэдэд үйлчилж байна. Үйлчлүүлэгчдийн тоо эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр номын тоо төрлөө нэмсээр байгаа. Номоо Улаанбаатарын үнээр нь худалдан борлуулж байна.

Ташрамд, Боролдой номын дэлгүүр номоо бэлэн худалдаалахаас гадна аймгийнхаа 24 суманд номын үзэсгэлэн худалдааг жилд хоёр удаа гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 23800 орчим хүнд үйлчилгээ үзүүлжээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ном уншиж өгөх өдрийг Улиастай сумынхаа долоон цэцэрлэгт зохион байгуулаад байгаа. Сургуулийн хүүхдүүдэд хүссэн номоо худалдаж авч чадахгүй бол дэргэдэх уншлагын танхимдаа үйлчилгээ үзүүлж байна хэмээн Боролдой номын дэлгүүрээс тус тус мэдээлэв.

Холбоотой мэдээ