“Дарханд үйлдвэрлэв” дэлгүүр лизингийн худалдааг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-01-20 21:40:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдааг нэг дор төвлөрүүлдэг “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүр нь үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан лизингийн үйлчилгээ нэвтрүүлжээ.

Тус дэлгүүр нь энэ сараас эхлэн “Дэвжих нэхий ББСБ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд 100.000 – 1 сая хүртэлх төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 3 сарын хугацаагаар худалдан авах боломжтой аж.

Бэлэн бус лизингийн худалдан авалт хийх иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. Үүнд:
• Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн байх, 
• Сүүлийн 6 сар нийгмийн даатгал тасралтгүй төлсөн байх
• Зээлийн түүх хэвийн байх
• Иргэний үнэмлэхний хуулбар 
• Цээж зураг зэргийг бүрдүүлэх
ажээ. Эхний ээлжинд Дархан сумын харьяа, нийгмийн даатгал төлсөн хүн бүрд хүүгүй барьцаагүй 3 сарын хугацаатай 1000000 хүртэлх үнийн дүнд таарсан хүссэн бараагаа худалдан авах боломжийг олгохоор болжээ.

Тус лизингийн үйлчилгээ үр дүнтэй байвал харьяалал харгалзахгүйгээр нийгмийн даатгал төлсөн хүн бүрд дээрх зээлийг өгөхийг зорьж байгаа юм байна.

Тус дэлгүүрт 100 орчим аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн арьсан болон эсгий эдлэл, оёмол эдлэл, бэлэг дурсгал, мод, модон бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, хүнс, эмийн ургамал зэрэг бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтран ажилладаг аж. Тэдгээр аж ахуйн нэгж, иргэдийн давхардсан тоогоор 800 гаруй бараа бүтээгдэхүүн худалдаалж байна гэж тус дэлгүүрийнхэн танилцууллаа.

Ташрамд “Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ГҮТББ нь гишүүддээ үйлчлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийг 2016 онд ажиллуулж эхэлснээс хойш эдүгээ 4 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.

Холбоотой мэдээ