Монголд барилгын пассив стандартыг нэвтрүүлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-01-21 08:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх талаар Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК) Герман улсын "Ронген Архитектор" компани хамтран ажиллахаар болж өчигдөр хоёр талын удирдлага санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Пассив орон сууц гэдэг нь барилгын материал, хийц, байршил зэргээс хамаарч нарны энерги зэрэг сэргээгдэх эрчим хүчээр дулааныг хүлээн авах, агаар солилцох чадамжтай, ашиглалтын бага зарцуулалттай, хэмнэлттэй барилгыг хэлдэг байна. 

Ийм барилгын стандартыг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийг хоёр тал нэвтрүүлэх талаар дэмжин ажиллах юм. “Орлогод нийцсэн орон сууц"-уудыг “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах 9 байршилд барихаар төлөвлөөд байгаа юм. 


Тодруулга: Барилгын пассив стандартыг БНХАУ, Зүүн Европын улс орнууд амжилттай нэвтрүүлээд байгаа аж. Уур амьсгалын хувьд ижил төстэй ОХУ барилгын салбартаа тус стандартыг нэвтрүүлснээр нэг шоо.метр талбайд жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм.


Б.Болд


Холбоотой мэдээ