Ураг, удам, уламжлалын “Хонгор” холбоо анхдугаар зөвлөгөөнөө хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 12:00:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн ГБХЗХГ, Ураг, удам, уламжлалын “Хонгор” холбоо хамтран “Угийн бичиг – Улсын үндэс” аймгийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Ураг, удам, уламжлалын “Хонгор” холбоо нэг сар гаруйхны өмнө буюу 2019 оны 12 дугаар сард байгуулагджээ. Монгол Улсын хэмжээнд аймаг бүр ураг, удам, уламжлалыг сэргээх холбоодтой болж, энэ төрлийн ажлыг эрчимжүүлж байгаа бол Баянхонгор аймаг ийнхүү отгон холбоог байгуулаад байна. 

Угийн бичиг хөтлөхөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн төрлийн ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн ажлыг өрнүүлэх зорилготой тус холбоо Баянхонгор аймгийн 20 суманд салбар зөвлөлөө 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж буй аж. Энэ хүрээндээ сум сумын төлөөлөл болсон 100 хүнийг оролцуулан тус зөвлөгөөнийг хийж байгаа юм байна.

Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, цэцэглэж мандахын хувь заяанд Монгол Улсын иргэн бүр хувь нэмрээ оруулах учиртай. Жинхэнэ эх оронч үзэл хэмээх нь угийн бичиг, удмын түүхээ хөтлөхөөс эхэлдэг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ 9 үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож, үе дамжин  өвлүүлж ирсэн уламжлалтай.

Хүн амын удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолт, угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэр анх 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар гарч байжээ. Мөн 1996 онд Соёлын тухай хуульд тусгаж, УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолууд баталсан ч төдийлөн хэрэгжихгүй өдийг хүрсэн байна. Угийн бичиг хөтлөх нь иргэдэд удам угсаагаа мэдэх чухал ач холбогдолтой ч нөгөө талаар төрийн түүхийн нэг хэсэг болж байдгаараа онцлог аж.

Ташрамд, Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин бууруулж, оюуны хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх, дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах, аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг байна.

Холбоотой мэдээ