Шинэ төрлийн коронавирус АНУ-д илэрлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-01-22 07:24:10

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нутаг дэвсгэрт шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний анхны тохиолдол илэрсэн нь батлагдсан байна. Энэ тухай тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн төлөөлөгчид мэдээлжээ.


“The Washington Post” сонинд урьд нь мэдээлснээр, уг вирусний халдварын тохиолдол Вашингтонд бүртгэгдсэн бөгөөд саяхан Хятадаас ирсэн 30 орчим настай эрэгтэйгээс илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа аж.  


Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин БНХАУ-ын төвийн нутагт орших Үхань хотод дэгдсэн тухай Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ. Уг өвчний үүсгэгч нь  “2019-nCoV” коронавирус болохыг Хятадын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон байна. Уушгины хатгалгаа туссан гэж сэжиглэж байсан өвчний бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Үүний үр дүнд томуу, шувууны томуу, амьсгалын замын цочмог хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/ зэрэг амьсгалын замын өвчин үүсгэгчдийн жагсаалтаас хассан байна.


Хятадын эрх баригчдын мэдээлснээр, 291 хүн шинэ вирусний халдвар авснаас зургаа нь нас баржээ. Коронавирус тус улсын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэн болон бусад хотод илэрсэн байна.


Холбоотой мэдээ