Хятадад амны хаалт хомсдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-01-22 12:06:01

БЭЭЖИН. /NHK/. Хятадын иргэд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хичээж буйтай холбоотойгоор Шанхай хотод амны хаалтын хомсдол үүсжээ. Тус хотод вирусний халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн юм.


Шанхай хотын төвд байрладаг эмийн санд амны хаалт сүүлийн хэдэн хоногийн турш ихээхэн эрэлттэй байжээ. Уг эмийн сан мягмар гарагт амны хаалт дууссан талаарх мэдэгдлийг хаалган дээрээ байрлуулсан боловч хүмүүс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэзээнээс худалдаалах талаар байнга асууж байгаа аж.


Нэгэн эрэгтэй нисэх онгоцонд суухаасаа өмнө амны хаалт худалдан авахыг хүссэн боловч ганцыг ч олж чадаагүй тул өөр эмийн сангуудаар орох шаардлагатай болсон тухайгаа ярьжээ. Мөн 40-өөд насны өөр нэгэн эмэгтэй хэлэхдээ, гэртээ хадгалж байгаа амны хаалтууд нь удахгүй дуусах тул хүүхдүүдээ халдвар авахаас сэргийлэхийн тулд олон амны хаалт худалдан авахаар ирсэн гэжээ. Түүнчлэн тэрбээр баасан гарагаас эхлэх хаврын баярын амралтын үеэр гэр бүлийнхэнтэйгээ гадуур гарахгүй гэж хэлсэн байна.


Мөн Бээжин хотын нисэх буудал дээр вирусний халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх хүсэлтэй хүмүүсийн тоо ихээхэн нэмэгджээ. “Хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт худалдан авж байна. Би өөрийгөө хамгаалахын зэрэгцээ бусдын санааг зовоохгүйн тулд ирэх амралтын өдрүүдээр амны хаалт зүүнэ” гэж 20-иод настай нэгэн эмэгтэй ярьжээ. 

Холбоотой мэдээ