Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-22 12:15:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хэрэв талууд Вашингтоны эрх баригчдын санаанд таарч тохирсон нөхцөлөөр худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол Европын Холбооны /ЕХ/ орнуудаас импортолж буй автомашинуудад татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Шударга гэрээ байгуулахгүй бол би татвар ногдуулна гэдгийг тэд /европчууд/ мэдэж байгаа” гэж Д.Трамп мягмар гарагт Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Д.Трамп АНУ, ЕХ-ны худалдааны хэлэлцээрийг хэдийд эцэслэн батлах талаар дурдаагүй байна. “Эцсийн хугацааг тэд мэдэж байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Европын автомашинуудад гаалийн татвар ногдуулах асуудал хэвээр байгаа бөгөөд энэ асуудлыг АНУ, ЕХ-ны хооронд хийж буй хэлэлцээний сэдвээс хасахгүй гэж Д.Трамп өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр сэтгүүлчдэд мэдэгдэж байв. Тэрбээр худалдааны салбарт явуулж буй европчуудын үйл ажиллагааг Хятадын эрх баригчдын шийдвэрээс ч дор гэж мэдэгдэн ЕХ-ны орнуудын худалдааны бодлогыг нэг бус удаа шүүмжилсэн билээ.


АНУ, ЕХ 2018 оны хавар болон зун хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулжээ. Европт үйлдвэрлэсэн автомашинуудад АНУ шинээр татвар ногдуулахаас ЕХ зайлсхийхийг оролдож байгаа юм.  


“Airbus” корпорацад татаас өгөхтэй холбоотой өмнөх шийдвэрийг нь ЕХ биелүүлээгүйтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагын арбитрын шүүхээс Америкийн эрх баригчдад тус холбооны орнуудын 7.5 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулахыг 2019 оны 10 дугаар сарын эхээр зөвшөөрчээ.


Холбоотой мэдээ