Мал аж ахуйг хөгжүүлэхэд 30 сая ам.доллар зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-22 17:53:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциацийн “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.


Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг хөжүүлэх, нэр төрлийг нэмэхэд хөрөнгө оруулж, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг таван аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан байна. Улмаар төслийн II үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр урьдчилан тохирсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах юм. бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна. 


Зээлийн 5 сая ам.долларыг малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны чадавхийг сайжруулах, бодлого, дүрэм журмыг сайжруулах зорилгоор зарцуулахаар төлөвлөсөн. Малын өвчний тандалт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахад 9 сая ам.доллар, мал эмнэлгийн цахим үйлчилгээг сайжруулахад 4 сая ам.доллар, малын эрүүл мэндийн тогтолцоог олон нийтийн оролцоотой сайжруулахад 2 сая ам.доллар зарцуулах аж.


Ийнхүү төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ