Д.Сарангэрэл: ШӨХТГ-ын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-22 18:24:17
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээллийг сонсов. 


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.


ШӨХТГ нь Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр 2004 онд байгуулагдсан бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэдэг. Гомдол, мэдээллийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулийн хүрээнд шалган шийдвэрлэх зэргээр өргөн хүрээнд ажилладаг байна.


Сайд мэдээлэлдээ тус газар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тоо баримт танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд тус газрын чиг, үүрэг нэмэгдэж ирсэн ч бүтэц, орон тоо, төсвийг нь нэмээгүй явж ирснийг онцлов.  


Мөн тус газар газар ажил үүргээ хэрэгжүүлэхэд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг танилцуулав. Тухайлбал, ажил хэвийн явуулах нөхцөлийг хангах хэмжээнд орон тоог нэмэгдүүлэх, орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдыг орон тооны болгож, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, газрын хараат бус бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв.


Цаашид эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг батлах шаардлагатай талаар танилцууллаа.  


Байнгын хорооны хуралд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва болон тус газрын бусад албан тушаалтан ирсэн байв.



Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асуув. Тэрбээр, хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарттай холбогдуулан үндэсний болон импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлд шударга өрсөлдөөн хэрхэн хангагдаж байгааг, мөн Монголд үйлдвэрлэсэн хүнс ч, бараа бүтээгдэхүүн ч үнэ нь өндөр хэрнээ олон улсад битгий хэл дотооддоо өрсөлдөх чадваргүй байх хандлага байна. Энэ талаар судалгаа байна уу гэдгийг тодруулав.


Дээрх асуултад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва өрсөлдөөний асуудлыг улс оронд зохион байгуулах эрх зүйн орчин байгаа ч бүхий л салбарт хүрч ажиллах хүний нөөцийн боломж, хүчин чадал тааруу. Боломж нөөцөө ашиглан салбарын яам, агентлагуудад зөвлөмж хүргэж ажилладаг гэсэн хариулт өгөв.   


Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, Д.Сарангэрэл нар  асуулт асуусан. Гишүүд дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах, дэмжих талаар явуулж буй бодлого, мах, шатахууны үнийн өсөлтийн дагуу хэрхэн ажилладгийг тодруулж асуулаа.


Махны үнийн өсөлттэй холбогдуулж салбарын яаманд зөвлөмж хүргүүлж ажилладаг. Махны үнийн өсөлтөд мах бэлтгэлийн ажил хангалтгүй байгаа нь нөлөөлдөг. Мөн махыг экспортод гаргахдаа цаг хугацааны хувьд дотоодын эрэлт ихэсдэг цаг үетэй тааруулахгүйгээр зохицуулах шаардлага  байна гэж Б.Лхагва хариуллаа.


Төгсгөлд нь Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хороо Шадар сайдын Ажлын албатай хамтраад тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар ажиллана гээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч байна хэмээв. 

Холбоотой мэдээ