Баян-Өлгийд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-24 15:20:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс авсан мэдээллээс харахад томуу, томуу төст өвчин өмнөх долоо хоногоос 3 хувиар буурсан талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, энэ сарын 3 дугаар долоо хоногт нийтдээ 5771 хүн амбулаторийн үйлчилгээ авчээ. Үүнээс 481 хүнээс томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгджээ. Түргэн тусламжийн 611 дуудлагын 233-ыг нь томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж, 4.1 хувиар буурчээ. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтсэн 227 хүний 12.7 хувь нь дээрх төрлийн өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.7 хувиар бага.

Харин тухайн 7 хоногт уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ