Завханы ЗДТГ төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээгээр тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-24 17:50:17

Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймгийн ЗДТГ Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнгээр 81.1 оноогоор аймгуудаа тэргүүлжээ.

Тухайлбал төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын өгсөн үнэлгээгээр буюу дотоод шударга байдлын үнэлгээгээрээ 85.5 гэсэн үнэлгээ авсан байна. Энэхүү дотоод шударга байдлыг үнэлэхдээ соёлын индексийг тодорхойлох хоёр үзүүлэлт, ажлын байран дахь шударга байдлын индексийг тодорхойлох дөрвөн үзүүлэлт нийт зургаан үзүүлэлтээр үнэлгээг гаргасан ажээ. Өнгөрсөн жил тус аймаг дотоод шударга байдлын үнэлгээгээр 80.3 оноо авч мөн бусад аймгаа тэргүүлж байжээ.

Харин төрийн байгууллагаас үйлчилгээ авч буй болон сүүлийн 12 сарын хугацаанд үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийн үнэлгээгээр Завхан аймгийн ЗДТГ 77.7 оноо авч 12.3 пунктээр буурсан байна. Тус үнэлгээг гадаад шударга байдлын үнэлгээ хэмээн нэрлэдэг аж. Уг үнэлгээг ил тод, хариуцлагатай байдлын индексийг тодорхойлох хоёр үзүүлэлт, авлигын индексийг тодорхойлох гурван үзүүлэлт, нийт таван үзүүлэлтээр гаргадаг байна. Мөн бодлогод оролцогчдын үнэлгээ буюу шинжээчдийн үнэлгээнд тухайн байгууллагын харьяа дээд байгууллагын төлөөлөл, бодлого боловсруулагч болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, холбоодын төлөөлөл, аудитор, хяналтын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулж судалгаа авчээ.

Бодлогод оролцогчдын үнэлгээ нь авлигын талаарх төсөөлөл, авлигын хяналт, авлигын бодит тохиолдол, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл гэсэн дөрвөн индексийн үнэлгээнээс бүрддэг байна. Энэ үнэлгээнд Завхан аймаг харьцангуй өндөр үнэлгээ авчээ. Завхан аймгийн ЗДТГ 2018 онд дээрх үнэлгээнд  78.2 оноо авч байсан бол 2019 онд 80.2 оноо авсан дүнтэй байгаа талаар авлигатай тэмцэх газрын төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнд зарлажээ.

Холбоотой мэдээ