Эрдэнэбүрэн суманд хоёр эмийн сан ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-24 17:28:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. 

Ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтад сумын удирдах ажилтнууд болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, 2020 онд хийх томоохон бүтээн байгуулалт, цаашдын зорилго, зорилтын тухай аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг танилцуулав.
Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер Б.Мөнгөнцоож “Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилт, иргэнд төрөөс батлан хамгаалах чиглэлээр үзүүлэх үйлчилгээ”-ний тухай мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум 2019 оныг “Ногоон хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, малчид, ард иргэдийнхээ оролцоотойгоор нэлээд олон бүтээлч ажил өрнүүлсэн байна.

Тухайлбал, 2019 онд Эрдэнэбүрэн суманд нийт 1 тэрбум 333.2 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийжээ. Үүнээс Хонгио, Шураг, Намарзан гэх гурван багийн төвийг орон нутгийн төсөв, иргэдийн хандив тусламжаар шинээр барьж байна. Мөн тус суманд хоёр эмийн сан байгуулж, ашиглалтад оруулжээ. Цаашид 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж Эрдэнэбүрэн сумын удирдлагууд хэллээ.     

Үүнээс гадна сумын хэмжээнд 46 иргэнийг түр, 16 иргэнийг бүр ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгожээ. Мөн 22 иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулж 54.4 сая төгрөгийн дэмжлэг, зээл олгосон аж.

Уузалтын төгсгөлд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 бүлгийн ширээ сандал, дотуур байрны нэг, хоёрдугаар тогоо шинэчлэх, дотуур байрны бие засах газарт суултууртай болох зэрэг хэд хэдэн саналыг иргэд хэллээ.  

Холбоотой мэдээ