УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-27 08:28:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, зардлын хэмжээ, техник хэрэгсэл хэрэглэх тухай, тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх юм.


ТүүнчлэнҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ