Өдөрт дунджаар 85-100 орчим хүн шинжилгээ өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-27 22:49:11

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Нэгдсэн эмнэлгийн лабораторийн үйлчилгээ шуурхай болжээ.

Тухайлбал сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн лабораторийн бүрэн автомат анализатор аппаратуудыг өнгөрсөн жил суурилуулж ашиглаж эхэлснээр шинжилгээний ачаалал буурчээ. Ингэснээр лабораторийн хүчин чадал сайжирч, бүх төрлийн шинжилгээг чанар, стандартын өндөр түвшинд хийж байгаа ажээ. Дараалал үүсгэж иргэдийг багагүй бухимдуулдаг шинжилгээ, лабораторийн тасгийн үйлчилгээ бүрэн цахимжаад байгаа аж. Алслагдмал орон нутгийн иргэдэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, сэтгэлд нийцсэн үйлчилгээг өдөрт нь үзүүлж шинжилгээний хариу өдөртөө гардаг болжээ. Өдөрт үзүүлдэг шинжилгээний 60 гаруй хувь нь шээс, цусны ерөнхий шинжилгээ байдаг. Улиастайд усан бассейнтай болсноор хүүхдийн болон насанд хүрэгчдийн заавал өгөх цагаан хорхойны болон бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс өссөн. Өдөртөө нэг хүн 3-5 төрлийн шинжилгээг нэг дор өгч байна. Дунджаар 85-100 орчим хүн шинжилгээ өгдөг ажээ.

Яаралтай тусламжийн тасаг жилдээ

7000 дуудлагад явдаг

Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг жилдээ 6000-7000 алсын болон ойрын дуудлага хүлээн авч тусламж үзүүлдэг.

Үүний 30-40 хувь нь яаралтай тусламж шаардсан дуудлага байдаг. Тиймээс иргэдэд стандартын дагуу чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ОНХС-ийн 190 сая төгрөгийн хөрөнгөөр яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг нэг дор төвлөрүүлэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийжээ. Мөн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь нэмэлт тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. Ингэснээр яаралтай тусламж шаардсан өвчтөнд зүрхний бичлэг хийх, эхо-д харах зэрэг үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдсэн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Он гарсаар долоон удаагийн дурангийн

мэс засал хийжээ

Завханы Нэгдсэн эмнэлэгт III шатлалын эмнэлэгт хийдэг 17 төрлийн оношилгоо, эмчилгээг хийж байна.

Тухайлбал зөвхөн III шатлалын эмнэлэгт хийдэг байсан дурангаар ходоод, 12 хуруу гэдэсний цус алдалтыг тогтоох, шарханд эмчилгээ хийх, ур авах, улаан хоолойн өргөссөн венийн судсанд боолт хийх, улаан хоолой, ходоод, уушгинаас гаднын биет авах, компьютер томографи хийх зэрэг эмчилгээ, оношилгоог орон нутагтаа хийж байгаа ажээ. 

Он гарсаар 13 удаагийн томоохон мэс заслыг амжилттай хийжээ. Тухайлбал III шатлалын эмнэлэгт хийдэг тархины хөндийн мэс заслыг амжилттай хийжээ. Мөн элэгний хавдартай өвчтөнд элэг тайрах, нойр булчирхай задарсан үед нөхөх, ходоод тайрах, дунд чөмөг шилбэний хугарлуудыг аймагтаа хаддаг болсон байна. "Орон нутагтаа томоохон хагалгаануудыг амжилттай хийж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн дурангийн хагалгааг аймагтаа хийдэг боллоо. Өнөөдрийн байдлаар дурангийн 7 мэс заслыг амжилттай хийсэн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ