Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын хүсэлтийг хаалттай горимоор хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сэтгүүлчид тодруулав.
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хаалттай горимоор хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийн талаар мэдээлнэ үү?
-Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны хэвлэлийн бага хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэх үндэслэлтэй. Хуралдаанаар, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх тухай тогтоолын төслөөр санал хураасан ч 35, 65-ын харьцаагаар "уначихсан". УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрий барьж намайг хууль хяналтын байгууллагад нөлөөлж байна гэсэн мэдээлэл нийгэмд түгж байна. Тиймээс миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж УИХ-ын даргад өргөн барина.
-Ямар шалтгаанаар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх шийдвэр гаргаж байгаа вэ, Та бүрэн эрхээсээ түдгэлзэх ямар ч үндэслэл байхгүй гэж хэлж байсан?
-Энэ бол хувь улс төрчийн шийдвэр. Учир нь миний бие одоо намын хамгаалалтгүй болсон. Ингэж байж олон нийтийн бухимдал, намайг “харлуулаад" байгаа зохион байгуулалттай бүхний учрыг тайлна. Энэ бол миний тэмцэх арга хэрэгсэл гэж бодож байна.
Намайг гэмт хэрэгтэн болгох зохион байгуулалттай ажил ид явж байна. Хууль зүйн сайд чуулганы хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурорт хандан, нийгэмд байгаа ойлгомжгүй зүйлсийг мэдээлэхгүй байсаар ийм байдалд хүрсэн, мэдээлэх шаардлагатай гэдгийг хэлсэн. Түдгэлзүүлэх гэдэг нь гэм буруугүй нь тогтоогдвол буцаад бүрэн эрх нь сэргэдэг. Харин чөлөөлөгдөх хүсэлт нь УИХ-аас бүрмөсөн явж байгаа буюу хамгийн хүнд шийдвэр юм. Би энэ шийдвэрээ хэдийн гаргачихсан байсан.
-Та улс төрөөс бүрмөсөн гарч байгаа хэрэг үү?
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар намайг нэр дэвшүүлэхгүй нь тодорхой боллоо. Улс төр бол багийн тоглолт байдаг. Гэхдээ би аливаа зорьсон зүйлээсээ буцдаггүй. Хөндлөнгөөс надад саад болж байна. Тиймээс тодорхой хугацаанд улс төрөөс хөндийрөх шаардлагатай боллоо. Энэ бол улс төрөөс бүр мөсөн гарч байна гэсэн шийдвэр биш юм гэлээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Тэрбээр дээрх асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ, хэргийн нууц материал задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг УИХ-д ирүүлсэн юм.
Н.Номтойбаяр нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Дорнод аймгийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон юм. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцох шийдвэр гаргажээ.