Сонгуулиар шинэ техник, хэрэгсэл худалдан авахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-30 19:17:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолыг батлав.


Тогтоолд, ээлжит сонгуулийн сонгогчдыг бүртгэх, санал авах ажилд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхээр тусгасан байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, тус төхөөрөмж нь өмнөх сонгуулиар хэрэглэж байсан төхөөрөмж эсэхийг тодруулж, санал буруу тоолох тохиолдол гарахгүй гэдэг итгэл хэрхэн төрүүлж байгааг тодруулав. УИХ-ын ээлжит сонгуульд өмнө нь хэрэглэж байсан санал тоолох төхөөрөмжийг хэрэглэнэ гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлалаа. Бүртгэлийн ажилд хурууны хээ уншигч хэрэглэх аж. 2019 онд ТЕГ, СЕХ, ХХМТГ-ын хамтарсан ажлын баг тус төхөөрөмжид аттестачлал хийж 2020 оны сонгуульд ашиглах боломжтой гэсэн шийдвэр гаргасан гэлээ. Шинэ техник энэ удаад авахгүйг тодотгов. 


Санал тоолох автомат төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулиар ашигласан байна. Мөн нөхөн сонгуульд ашиглаж байгаа бөгөөд ямар нэгэн маргаан дагуулаагүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэмж тайлбарлав. Мөн хуульд, 50 хүртэлх хувьд нь гараар хяналтын тооллого явуулах эрх нь нээлттэй байгааг тэмдэглэлээ. 


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоол батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна.

Холбоотой мэдээ