Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр тусгажээ. Тодруулбал, түүнийг хэвлэлийн бага хурал хийх үеэрээ шалгагдаж байгаа хэргийнхээ нууц материалыг задалсан хэмээн УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д ирүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хаалттай хэлэлцсэн ч хугацаа товлосон асуудлаа урьтаж хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж МАН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан.
Чуулганы хуралдаан гишүүдийн гаргасан горимын саналын дагуу хугацаа товлосон асуудлаа хэлэлцэж дууссаны дараа цаг сунган дээрх тогтоолын төслөөр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Н.Номтойбаярын гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрх нь сэргэнэ. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Ташрамд дурдахад, Н.Номтойбаяр нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдээд байсан юм. Харин чуулганы хуралдааны үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуудлыг нухацтай хянах шаардлагатай тул бүрэн эрхийг нь чөлөөлөх биш түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж байгаа юм.