Уханьд байгаа 31 монгол оюутнаа тээвэрлэн авахыг зөвшөөрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутныг эх орондоо тээвэрлэж авчрах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал өнөөдөр зөвшөөрчээ.
Иймд шинэ коронавирусний дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг явуулах бэлтгэл хангаж байна. БНХАУ-ын эрүүл мэнд болон агаарын тээврийн холбогдох байгууллага, Ухань хотын Гадаад харилцааны газартай Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
Ухань хотод нийт 33 монгол оюутан байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ бичгээр гаргаж, хоёр нь тус хотод үлдэхээ мэдэгдээд байгаа юм. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Улсын Онцгой комиссооос шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн оюутнуудыг эх оронд нь авчирсны дараах тусгаарлан байршуулж хянах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой комиссын дэд ажлын хэсгээс төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх аж.