Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл 61.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-01-31 17:17:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх байдал 61.7 хувьтай яваа талаар АТГ мэдээлж байна. 

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-ний 10 цагийн байдлаар 25.885  мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас БХЯ, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, ОБЕГ, Улсын Ерөнхий прокурор, Хил хамгаалах ерөнхий газар, ЭХЯ, орон нутгаас Увс, Хэнтий, Дорнод, Завхан аймагт 80-аас дээш хувьтай байна. ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Сангийн яам, ГХЯ, УУХҮЯ, ХНХЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төв болон Дорноговь аймагт бүрдүүлэлт 30 хувьтай байна.

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 8, Засгийн газрын гишүүн 2, Төрийн нарийн бичгийн дарга 3, Агентлагийн дарга 8, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 8, бусад 14,  нийт 43 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал  14,8 хувьтай байна.


Төрийн албан хаагчид ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх хугацаа дуусахд 16 хоног үлдээд буйг мөн сануулж байна. 


АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Улсын хэмжээнд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтан байгаа юм.

Төрийн албан хаагчид ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх хугацаа дуусахд 16 хоног үлдээд буйг мөн сануулж байна. 


Холбоотой мэдээ