Ерөнхийлөгч Норвегт айлчилж, БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаасан долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-01 13:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Ерөнхийлөгчийн айлчлал ба Норвегийн Баялгийн сангийн туршлага



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 27-28-нд Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсын Угсаа залгамжлах Хунтайж Хаакон, Парламентын Ерөнхийлөгч Тоне Уихельмсен Троэн, Ерөнхий сайд Эрна Солберг болон бусад албаныхантай уулзсан юм.


Норвег улс Үндсэн хуульдаа Байгалийн баялгаа ирээдүй хойч үеийн эрхийг баталгаажуулсан, урт хугацааны бодлогод үндэслэн удирдан зохицуулна гэж заасан байдаг бөгөөд сангийн хөрөнгө 2019 оны нэгдүгээр хагаст 1.5 их наяд ам.долларт хүрсэн юм. Энэ нь баялгийн сангаа удирдаж буй дэлхий дээрх хамгийн шилдэг жишээ бөгөөд байгалийн баялгаа сангаар дамжуулан удирдаж эхэлснээр орлогыг ард иргэддээ ижил, тэгш хүртээмжтэй байдлаар ашиглаж эхэлсэн байна. Монгол Улс ч Үндсэн хуульд Үндэсний баялгийн сантай байх зохицуулалт тусгасан тул дэлхийн шилдэг менежмент бүхий Норвег улсаас туршлага судлах, хамтран ажиллах нь чухал гэж үзэж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайд Эрна Солбергтэй уулзахдаа онцолсон.



Харин Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзахдаа тус улсын Баялгийн сангийн туршлагыг судлах болон хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллахыг хүссэн юм. Улмаар энэ оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуудах НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын “Ногоон наадам”-ын үеэр хунтайж Хааконыг манай улсад морилон саатахыг хүслээ.


Норвегийн Парламентын Ерөнхийлөгч Тоне Уихельмсен Троэнтэй уулзахдаа тус улсын Баялгийн сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар дэлгэрүүлэн ярилцсан юм.



Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Баялгийн сан болон Осло хотын Соёлын түүхийн музейгээр зочилсон юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Норвегийн Хаант Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Олауг Вервик Боллеста бараалхаж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Тус улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1953 оноос хойш шүлхий, 1960 оноос хойш гахайн мялзан өвчин гараагүй нь салбарын хөгжлийн тодорхойлолт гэж хатагтай Боллеста хэлээд малын эрүүл мэнд, мал эмнэлгийн салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа мэдэгдсэн юм. Норвегийн мал эмнэлгийн Олон улсын хамтын ажиллагаа, судалгааны газрынхан 2019 онд Монгол Улсад ажиллах үеэрээ малын эрүүл мэнд, мал эмнэлгийн асуудлаарх судалгаа хийж, тайлан боловсруулсан бөгөөд тус газрын захирал Карлос дас Нэвэс бэлтгэсэн тайлангаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хатагтай Боллеста нарт гардуулж, салбарын түвшинд хамтран ажиллахаар боллоо.


Засгийн газрын хуралдаан ба үндэсний хөтөлбөрүүд



Засгийн газрын өнгөрсөн сарын 28-ны ээлжит хуралдаанаар “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа.


Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавх сайжирч, залуу халааг бэлтгэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно хэмээн үзэж буй юм. Мөн малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх, малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.


Мөн хуралдаанаар “Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Үндэсний инновацын тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацын тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.


Түүнчлэн  хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны захирамжаар байгуулсан ажлын баг 2020 оны 1 дүгээр сарын 23-нд анхдугаар хуралдаанаа хийж, Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулах юм.


Ташрамд дурдахад, 2010 оны тавдугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх төрийн шийдвэрүүд



БНХАУ-ын Ухань хотод анхлан дэгдэж, дэлхийн 18 оронд тархаад буй коронавирусийг Монголд тархах эрсдэлээс сэргийлэхээр энэ долоо хоногт Улсын онцгой комисс, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдав.


Улсын онцгой комиссын өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар  БНХАУ-ын Ухань хот дахь монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53 мянган ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах, вирусний халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлахаар шийдвэрлэсэн. Мөн Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх шийдвэр гаргасан юм. Түүнчлэн хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгохыг холбогдох албанынханд үүрэг болгосон юм.


Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнгөрсөн сарын 31-ны хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг түр хаах зөвлөмж гаргасан. Энэ дагуу Засгийн газар ээлжит бусаар шуурхай хуралдаж, БНХАУ-тай хиллэдэг авто замын бүх боомт, агаарын зам, төмөр замын боомтоор БНХАУ-ын иргэд, тус улсаар дамжин Монгол Улсыг зорьж байгаа гуравдагч орны иргэнийг энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 2-ныг дуустал Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин тус улсад амьдарч байгаа эх орондоо ирж буй монгол иргэнийг Буянт-Ухаа нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар авч байхаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ худалдаа арилжаа, Монгол Улсаас нүүрс, газрын тосыг гадагшаа гаргах ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Мөн БНХАУ-д буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан гэдгийг онцлон тэмдэглэв. БНХАУ-ын Ухань хотод Монголын 33 иргэн байгаагаас 2 нь тэндээ үлдэх, 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. 


УИХ-ын намрын ээлжит чуулганы отгон хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд



УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн сарын 31-нд өндөрлөв. Намрын ээлжит чуулганы отгон хуралдаанаар УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуультай холбоотой хэд хэдэн хууль, тогтоолын төслийг батлав.


Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль, техник хэрэгсэл хэрэглэх тухай, сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг батлав.


УИХ-ын ээлжит сонгуулийг энэ сарын 1-нээс эхлүүлж, санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 24 байхаар батлав. Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүрбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүрдээ нэг тойрог байна. Харин УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байх аж. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүрэг 2 мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 5 мандаттай, хороодоос бүрдсэн хоёр тойрог /нэг тойрог нь 2, нөгөө тойрог нь 3 мандат бүхий/-той байх юм байна. Сонгогчдыг бүртгэх, санал авах ажилд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэнэ.


Мөн чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг баталснаас гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.



УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэвлэлийн бага хурал хийх үеэрээ шалгагдаж байгаа хэргийнхээ нууц материалыг задалсан хэмээн УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д ирүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав.


Ташрамд дурдахад, Н.Номтойбаяр нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдээд байсан юм. Харин чуулганы хуралдааны үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуудлыг нухацтай хянах шаардлагатай тул бүрэн эрхийг нь чөлөөлөх биш түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Ингэснээр Н.Номтойбаярын гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрх нь сэргэх юм.


Мөн өнгөрч буй долоо хоногийн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томилж, Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”, 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталснаар УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөв.


УИХ-ын намрын ээлжит чуулган 86 өдөр хуралдсан байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 32, Байнгын болон Дэд, Түр хороод 119 удаа хуралдаж, 154 хууль, 51 тогтоол баталсан байна. Улмаар 19 хэлэлцүүлэг, гурван гурван нээлттэй сонсгол зохион байгуулжээ.



Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсныг парламентын түүхэнд тэмдэглэн үлдэх болно. Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан. Үүнээс гадна ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөх тухай хуулийг баталсан нь баялгийн өгөөжийг ахмадууддаа хүртээх боломжийг бүрдүүлсэн алхам боллоо. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг баталсан. Төсвийн тухай хуулийн дагуу 2020 он ирэх он их бүтээн байгуулалтын жил байх болно. Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас нэн даруй гарах ёстой. Тиймээс ч УИХ-аас холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх гол нөхцөлийг бүрдүүллээ. Энэ оны дөрөвдүгээр сард энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт хийнэ. УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийг батлах зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдгээр хуулийг хэлэлцэн батлах бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгож байна” хэмээв.

Холбоотой мэдээ