Прокурор, шүүгчид авлига авсан гэх асуудлаар гомдол гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-03 10:31:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгчдийг шантаажилж, авлига авдаг гэх хуулийн байгууллагын нэр бүхий албан тушаалтны талаар 65 хуудас бүхий нотлох баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод иргэн Г.Буяндорж өнөөдөр хүлээлгэн өгөв.


Энэ үеэр тэрбээр, бизнесийн салбарт 1996 оноос хойш ажиллаж байгаагаа дурдаж, Ноёд групийнхээ охин компани болох Ноёд констракшн компаниа хуулийн байгууллагын нэр бүхий албан тушаалтанд алдсан гэдгээ хэллээ. Есөн жилийн турш хуулийн байгууллагаар шалгуулсны эцэст хэрэг нь цагаатсан тул албан ёсоор гомдлоо төрийн тэргүүнд уламжилж байгаагаа тодотгов. Тодруулбал, нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Батболд, НПГ-ын орлогч прокурор байсан н.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын хяналтын прокруор байсан н.Халиун болон зарим шүүгч, мөрдөн байцаагч нартай холбоотой гомдол гэдгийг дурдлаа. 


Тэрбээр, “н.Халиун прокурор 100 мянган ам.доллар нэхэж шантаажилсан. Тухайн үед би хэрэгт шалгагдаж байсан учраас түүний санал болгосон гэр бүлийн гишүүнийх нь өмгөөлөгчтэй нь гэрээ хийсэн. Ингэхдээ, 10 мянгыг нь урьдчилгаа болгон өгөөд, хэрэг ашигтай шийдэгдвэл 90 мянган ам.долларыг нь өгнө гэж тохирсон. Гэрээ байгуулсны дараа тэр мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Үүний төлөө надад Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Дараа нь хэргийг шүүхэд шилжүүлснээр, 16 удаагийн шүүх хурлаар орсны эцэст компанийнхаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг алдсан. Ийм хохирол учирсан ноцтой хэргийг нэг жишээ дурдаж гаргалаа. Сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэсэн. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж 65 хуудас нотлох баримтыг өгч, гомдол гаргаж байна” хэмээв.


Энэ үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Хуучин ерөнхийлөгч том хонгил үүсгэж, прокурор шүүчид нь жижиг хонгил үүсгэсэн байна. Г.Буяндорж шиг дарамтлуулж байсан бизнесменүүд байвал яг одооноос өргөдлөө өгч болно. Ерөнхийлөгч прокуроруудыг томилдог тул шуурхай арга хэмжээ авна. Харин шүүгч нарын хувьд, Салхитын мөнгөний ордын хэрэгтэй ижилхэн хэдэн сар, жилийн хугацаа зарна. Хуулийн хэлтэс хүлээн авч шалгаад, холбогдох байгууллагад шилжүүлнэ” хэмээв. 

Холбоотой мэдээ