Булган сумынхан сар шинийн баяр тэмдэглэхгүй байх уриалга гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Онцгой комисс энэ сарын 06-нд иргэдийн эдийн засаг, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Цагаан сарын баяр” тэмдэглэхгүй байх тухай уриалга гаргав.
Учир
нь олон улсад
шинэ төрлийн коронавирусний
халдвар хурдацтай
нэмэгдэж байгаа.
Булган
суманд Ярант боомт бий. Тус сум хилийн боомт бүхий газар нутгийн
хувьд онцгой эрсдэлтэй бүсэд хамрагдаж байна.
Одоогийн байдлаар Ярантын боомтоор иргэдийн зорчих
хөдөлгөөнийг
хориглосон. Гэвч хилийн боомтоор дамжин “Хөшөөтийн
уурхай”-гаас БНХАУ-д
нүүрс экспортлох тээвэрлэлтийн үйл ажиллагаа явж байгаа. Энэ нь өндөр эрсдэл бий болгож байгаа
гэнэ.
Мөн
иргэд шинэ
төрлийн коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор амны хаалт хэрэглэх, ариутгал хийх зэрэг нь хангалтгүй түвшинд
байна.
Сар шинийн баяр тэмдэглэхгүй байх
нь бараа материалын хомсдол үүсэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан
сэргийлэх эдийн засгийн ач холбогдолтой гэж нутгийн зарим иргэд санал уламжилжээ.
Эдгээр асуудал, иргэдийн саналд үндэслэн “Цагаан сарын баяр”-ыг сумын
хэмжээнд тэмдэглэхгүй байх тухай уриалга албан ёсоор гаргасан гэж Булган сумын Засаг дарга
Б.Амгаланбадрах хэллээ.