Ж.Өлзийжаргал: Улсын бүртгэлийн үйлчилгээний шат дамжлага, давхардлыг арилгасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-17 11:57:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн систем шинэчлэгдэж, үйл ажиллагаа нь иргэдэд шуурхай, чирэгдэлгүй болж, иргэд хаанаас ч улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.

Энэхүү шинэчлэл хийгээд үр дүнд нь гарч байгаа өөрчлөлтийн талаар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргалтай ярилцлаа.

-Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо үүсч, хөгжсөний 10 жилийн ой өнгөрсөн жил тохиолоо. Энэ хугацаанд  бүртгэлийн систем бүхэлдээ өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадсан гэж боддог. Тэгэхээр энэ өөрчлөлтийн талаар танилцуулах уу?

-Тийм ээ, анх бүртгэлийн үйл ажиллагааг эхэлж байсан 10 жилийн өмнө бид маш их ачаалалтай, бичиг цааснаасаа өндийх боломжгүй л ажилладаг байлаа. Гэтэл одоо бүртгэлийн ямар ч үйлчилгээг хэдхэн минутад хийх, иргэд улс орныхоо хаанаас ч гэсэн үйлчилгээг цахимаар авах тийм боломжийг манай салбар бүрдүүлж чадсан.

Багахан хугацаанд манай улс бүртгэлийн системийг иргэддээ хүртээмжтэй болгож чадсан. Үүнийг би хөгжил дэвшил гэж боддог.

2008 онд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулж, 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталсан.

Тэгэхээр Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл нэгдэн нийлснээс хойш 10 жил өнгөрчээ. Хууль, эрх зүйн хувьд өөрчлөгдсөн, техник, технологи, программ хангамж шинэчлэгдсэн, цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн, харьяалал харгалзахгүй бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болсон, эд хөрөнгийн бүртгэл, лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч киоск машинаас авчихдаг боллоо.

Үйлчилгээний төлбөрийг маш хурдан төлөх боломжтой болсон зэрэг аль болох иргэдэд ямар ч чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх бүх өөрчлөлтийг хийж амжилтад хүрсэн гэж боддог.

Манайхаар үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд банкинд очиж төлбөрөө төлөөд буцаж баримтаа авч ирдэг байсан энэ хэлбэрийг маш хурдан хугацаанд “е-barimt app” ашиглан төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлснээрээ тэдний үнэтэй цагийг хэмнэж, нааш цааш явах ажлыг нь хөнгөвчилж өгсөн.

Салбарын хэмжээнд 21 программ шинээр нэвтрүүлж албан хэрэгцээндээ ашиглаж байна. Ингэснээр үйлчилгээний шат дамжлага, давхардлыг арилгаж чадлаа. Энэ программыг ажиллуулснаар ажилчид маань чадваржиж, төрийн албанд мэргэшиж байна.

-Өнгөрсөн жил манай аймгийн 11 сум бүртгэлийн онлайн системд холбогдсон. Бүртгэлийн системд холбогдсон сумын хувьд ямар боломж нээгдсэн бэ, үлдсэн сумыг энэ системд хэзээ холбох вэ?  

-Сайнцагаан сумтай нийлээд нийт 11 сум энэ бүртгэлийн онлайн системд холбогдсон. Энэхүү үйл ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны “Нийгмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн  хүрээнд хэрэгжүүлсэн ажил байгаа.

Ингэж онлайн бүртгэлийн системд холбогдсоноор сумдын бүртгэлийн албан хаагчид мэдээллээ улсын бүртгэлийн системд шууд оруулах боломж бүрдэж байгаа гэсэн үг.

Үлдсэн сумдыг удахгүй энэ системд холбоно. Энэ ажлыг шат дараатайгаар хийгээд явж байгаа.

-Бүртгэлийн шинэчлэл хийснээр та бүхний ажил, ажлын ачаалал, үйлчилгээний чанар хүртээмжийн байдалд ямар өөрчлөлт гарч байна, гарч байгаа үр дүн, үр өгөөжийг нь тодруулах уу?

-Бүртгэлийн шинэчлэлийн үр дүнд маш олон өөрчлөлт гарч байгаа. Ямартай ч статистикийн хэлтэс, ХХҮГ, Нийгмийн даатгал, Татвар, Цагдаа, Шүүх, Шийдвэр гүйцэтгэл, Эрүүл мэндийн байгууллага, банкуудын мэдээлэл солилцоо маш сайжирсан.

Бүхий л үйл ажиллагаа бүртгэл дээр суурилдаг. Иргэнээ, хуулийн этгээдүүдээ, эд хөрөнгийг нь бүртгэж байна. Тэгэхээр бүртгэлийн бүхий л мэдээллийг манайхаас авах боломжтой болж байгаа хэрэг.  

Үйлчилгээний чанар, хүртээмж, хурд нэмэгдсэн. Өмнө нь иргэд маань бүртгэл дээр маш их цаг зарцуулж, нааш цааш их явдаг байсан бол одоо нэг удаа л ирээд бүх ажлаа амжуулаад явах боломжтой болсон. Мөн хаанаас ч бүртгэлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.

Мэдээллийн давхардал, зөрүүтэй байдал арилсан гэж хэлж болно.  Өмнө нь хуулийн этгээд гэхэд л татвар хувьд нэг тоо гардаг, манайд өөр тоо байх нь нийтлэг байсан. Энэ байдал үгүй болсон.

Манай байгууллага сумдтайгаа онлайнаар холбогдоод, сургалт хийж, ажилтнуудаа чадавхижуулж байна. Тэгэхээр зардал бас хэмнэгдэж байгаа.

-Үйлчилгээний чанар хүртээмж гэснээс, ер нь төрийн үйлчилгээний үр дүн нь иргэдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Тэгэхээр танай үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамж ямар байна, цахим үйлчилгээг хэр зэрэг мэддэг болж байна вэ?

-Төрийн үйлчилгээ иргэддээ л аль болох чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүрч байх ёстой. Таны хэлснээр ,төрийн ямар ч үйлчилгээ байсан үр дүн нь иргэдийн сэтгэл ханамж ямар байгаагаар л хэмжигдэнэ.

Манай үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл ханамж өндөр байгаа. Мэдээж цаг хугацааг нь хэмнээд, ажлыг нь хөнгөвчлөөд өгчихөөр хэн хүнгүй л дуртай байдаг юм.

Ажилтнууд маань байнга л өрөөндөө суугаад байхгүй, аль болох үйлчилгээгээ иргэдэд ойртуулж ажиллахыг чармайж байгаа. Өнгөрсөн онд 15 сумандаа дөрвөн удаагийн өдөрлөг зохион байгуулж, энэ үеэр 2189 иргэн бүртгэлийн үйлчилгээг авсан байна.

Иргэний үнэмлэхээ хаясан, гээсэн 38 оюутан, төлбөрийн чадваргүй иргэдийг 430,0 мянган төгрөгийн торгуулиас чөлөөлж бүртгэл хийсэн.

Мөн ахмадуудад зориулсан “вип” үйлчилгээг нэвтрүүлж, 43  иргэн хамрагдаж мэдээлэл, үйлчилгээ авсан. Бид иргэддээ аль болох ойртсон, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажилласан.

Зарим тохиолдолд Улаанбаатараас хүмүүс ирж манайхаар үйлчлүүлдэг. Нэг жишээ хэлье. Улаанбаатараас нэг хүн ирж манайхаас үйлчилгээ авсан юм. Тэр компанийхаа бүртгэлд өөрчлөлт оруулах, орон сууцаа арилжсан тул эрхээ шилжүүлэхээр ирсэн байсан.

Үйлчлүүлснийхээ дараа бидэнд “Орон нутгийн төрийн үйлчилгээ хурдан, шуурхай болсныг биеэрээ мэдээд сэтгэл их хөдөллөө. Замын турш "Таньдаг хүн юу билээ, яаж хурдан амжуулах вэ, хэнтэй холбоо барих вэ" гэсэн бодолтой явсаар  иртэл ажил маань төсөөлж байснаас гайхалтай хурдан бүтлээ.

Улсын бүртгэлийн үүдээр ормогц инээд дүүрэн, эелдэг сайхан харьцаатай залуус уриалгахан хүлээн авч, дэргэдээ суулган бичих, бөглөх зүйлийг маань заавар зөвлөгөө өгч бичүүлээд ердөө нэг цагийн дотор бүх ажлаа амжуулсан.

Нотариат нь дэргэдээ "И-баримт" ашиглаад төлбөрөө хийчихсэн” хэмээн сэтгэгдэл үлдээж байсан.

Иргэдийн хувьд цахимаар үйлчилгээ авах нь нэмэгдэж л байна. Хүний тогтчихсон ойлголт хандлага өөрчлөгдөх нь удаан байдаг юм байна.  Зарим нь тодорхойлолтоо машинаас авчихаад заавал ирж тамга даруулах гэдэг. Банк хүртэл хүлээн зөвшөөрөхгүй чирэгдэл болоод байдаг байсан. Одоо харин үйлчлүүлж сурч байна. Цаашдаа өөрчлөгдөх байх.

-Танай байгууллагаас санаачилж, аймагтаа гэрлэх ёслол зохион байгуулсан. Энэ ажлыг цаашдаа үргэлжлүүлээд хийх үү, ямар учраас энэ санаа төрсөн бэ?

-Сүүлийн жилүүдэд шинээр айл болж, гэрлэлтээ батлуулах залуу хосын тоо буурсан. Эсрэгээр нь гэр бүл салалт тодорхой хэмжээгээр нэмэгдээд байгаа.

Гал голомтоо бадрааж, гэр бүл болж, эх орондоо өрх гэрийг нэгээр нэмнэ гэдэг хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй, сайхан дурсамж байх ёстой гэж боддог.

Манай аймагт хуримын ордон байдаггүй. Хурим хийж, аав, ээж, төрөл төрөгсөдтэйгөө нэгэн цаг хугацааг дурсамж дүүрэн өнгөрөөж, нийгмийн өмнө үүрэг харуцлага үүрнэ гэдэг бол хамгийн чухал юм.

Тиймээс  шинээр гэрлэгсдийн  хуримын ёслолыг сүүлийн хоёр жил зохион байгуулж, гэрлэлтийн бүртгэл хийлээ. Энэ үеэр гэр бүлийн андгай өргүүлдэг.

Үүнийг зохион байгуулж байхад гоё мэдрэмж төрдөг юм билээ. Өөрийн эрхгүй л сэтгэл хөдөлж, хуримаа хийж байгаа залуучуудыг харахаар хайр хүрээд байдаг.

Хөндлөнгийн би тэгж хайр хүрч байхад аав, ээж, ахан дүүсд нь бүр ч илүү сайхан байж таарна. Тэгэхээр тийм олон хүний хайр, ерөөл, сайн сайхан шингэсэн сайхан энерги тэр хосуудад шингэж, амьдрал нь ч сайхан байж таарна гэж боддог. Үнэхээр сайхан ёслол.

Намрын дунд сарын шинийн 15-нд олон хос гэрлэдэг. Тэр үеэр л 2-3 хосын хуримыг зохион байгуулдаг. Цаашдаа энэ ажил жил бүр болно. Боломж байвал бүр олон хосыг гэрлүүлж, хуримыг нь хийх бодолтой.

-Бүртгэлийн үйлчилгээнд ямар бэрхшээл байна, иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Манай зарим иргэд их тайван, налгар. Бүртгэлийн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах нь бий. Тухайлбал иргэний үнэмлэхний хугацаа  нь дуусчихаад байхад л яваад байдаг. Амьдралынхаа нэгэн мөчлөг буюу 25 болон 45 насандаа шинэчилж авах байтал нэг жил өнгөрчихсөн байх жишээтэй. Хугацаа өнгөрөх тусам л торгуультай гэдгээ мэддэггүй.

Сүүлийн үед манай байгууллага утсаар  мессеж явуулж, анхааруулж байгаа. Тиймээс иргэд үүнд анхаарч байх хэрэгтэй.

Ярилцсан Танд баярлалаа.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ