Ардчилсан намын “шинэ од” Пит Буттижич

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-02-14 10:35:25
АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын дотоод сунгааны эхний шатны санал хураалтын дүн гарлаа. Эл сунгаанд ялах нь тодорхой гэгдэж байсан дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүнтэй ширүүн өрсөлдөж буй Сенатын гишүүн Берни Сандерс нар Индиана муж улсын Саут-Бенд гэдэг жижигхэн хотын даргаар ажиллаж байсан 38 настай Пит Буттижич гэдэг залууд ялагджээ. Харин ялалт байгуулсан залуу 11 дүгээр сард болох сонгуульд Д.Трамптай өрсөлдөж чадах болов уу?


Пит Буттижичийг одоог хүртэл АН-ын хамгийн нэр хүндтэй улстөрч гэгдсээр буй Барак Обаматай зүйрлэх нь олонтоо. Америкийн 44 дэх Ерөнхийлөгч New Yorker сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Буттижичийг Ардчилсан намын “шинээр гялалзаж буй од” гэж нэрлэсэн байна.  Харин олон нийтийн санал асуулгуудын дүнг үзвэл, АН-ыг дэмждэг сонгогчид  “шинэ залуу нэр дэвшигч Пит одоогийн ерөнхийлөгч Трампыг ялж чадах уу?” гэдгийг юуны өмнө сонирхож байна.


2019 оны 1 дүгээр сард П.Буттижич ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөөх өрсөлдөөнд оролцох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэр үед түүний хамгийн үнэнч дэмжигчдийн хувьд хоёр эргэлзээ үүссэн байна. Нэгдүгээрт, Америкийн баруун төв нутгийн жижигхэн хотын дарга байсан хүнийг Ардчилсан намын лидерүүд дэмжих үү? Хоёрдугаарт, тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн “хүнд жингийн” улстөрчид болох Ж.Байден, Б.Сандерс нарын адилаар Д.Трамптай өрсөлдөж  чадах болов уу? 

Жо Байден, Берни Сандерс, Пит Буттижич нар 


Харин 2 дугаар сарын 3-ны даваа гарагийн орой П.Буттижич дээрх хоёр асуултын хариуг өгч, энэ улирлын анхны санал хураалтанд ялалт байгуулсан нь улс төр судлаачдыг гайхшралд орууллаа. Тэрбээр сонгогчдын 26,2 хувийн дэмжлэг авсан бол Сенат дахь бие даагч гишүүн Берни Сандерс түүнээс 0,1 хувиар цөөн санал авчээ. Харин ялах нь гарцаагүй гэж социологчдын үзэж байсан Жо Байден 15,8 хувийн саналаар 4 дүгээрт бичигдсэн байна. Хотын дарга асан Пит Буттижич Айова дахь сонгуулийн 99 тойргийн 60-д нь ялалт байгуулсан бол Б.Сандерс 18 тойрогт, Ж.Байден 7 тойрогт олонхийн дэмжлэгийг авчээ.


Хэл хугалмаар хэцүү нэр


Сонгуулийн кампанит ажлын үеэр П.Буттижич өөрийгөө америкчуудыг нэгтгэж чадах “шинэ үеийн шинэлэг арга барилтай удирдагч” гэж тодорхойлон танилцуулж байв. Түүний эцэг нь Мальтаас ирсэн цагаач бол эх нь Индианагийн унаган иргэн бөгөөд энэ нутагт түүний өвөг дээдэс таван үеэрээ амьдарсаар иржээ.   

Залуу нэр дэвшигчийн бүтэн нэр нь Питер Пол Монтгомери Буттижич.

Америкчуудын хувьд хэлэхэд хэл хугалмаар хэцүү Буттижич гэдэг нэр бол Мальта арлын Хамрун хотод төрсөн эцгийнх нь овог ажээ. Эцэг Буттижич эхэндээ католик шашны санваартан болохоор төлөвлөж байсан боловч АНУ-д ирснийхээ дараа Индиана муж улс дахь Нотр-Дамын их сургуульд утга зохиолын хичээл заах болжээ. "Buttigieg" гэдэг нь мальтачуудын овог бөгөөд араб хэлний "Abu-I-dajaj" гэдэг үгнээс үүсэлтэй гэнэ. "Abu-I-dajaj" гэдгийг орчуулваас “шувуу маллагч” гэсэн утгатай ажээ.  


Дэмжигчдийнх нь хувьд нэрийг нь дуудахад хүндрэлтэй байдаг учраас П.Буттижич сунгааны кампанит ажил эхэлснээс хойш сонгогчидтой уулзах үеэрээ өөрийгөө “хотын дарга Пит” танилцуулах болжээ. Ингээд Америкийн бүх телевизийн сувгийн хөтлөгчид түүнийг энэ нэрээр нь дуудах болсон байна.


Тэрбээр Харвардын их сургуульд түүх-уран зохиолоор бакалаврын диплом авсан ба дараа нь Британийн Rhodes-ийн тэтгэлгээр Оксфордын Пемброк коллежид 3 жилийн хугацаанд философи, улс төр, эдийн засгийн ухаан судалжээ. 


Үүний дараа дэслэгч цолтойгоор Үндэсний гвардид сайн дураараа алба хаахаар шийдсэн ба 2014 онд хотын дарга байхдаа Афганистан дахь “Баграм” агаарын цэргийн баазад АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын терроризмтой тэмцэх тусгай ангийн бүрэлдэхүүнд 7 сар алба хаасан байна. Түүнчлэн цэргийн ангийн захирагчийн жолоочоор ажиллаж байжээ. 

Гадаад хэлний өргөн мэдлэгтэй тэрбээр төрөлх англи хэлнээс гадна норвеги, испани, итали, мальта, араб, дари болон франц хэлийг ижилхэн түвшинд эзэмшсэн гэнэ.


Хотын дарга Пит


2011 оны 11 дүгээр сард 29 настай Пит Буттижич Саут-Бенд хотын даргын сонгуульд оролцохдоо 15 мянган сонгогчдоос 11 мянга орчим санал авснаар ялалт байгуулсан байна. 


Өмнө нь Саут-Бенд хот Америкийн автомашины үйлдвэрүүд төвлөрсөн газруудын нэг байсан бөгөөд тус хот дахь Studebaker компанийн үйлдвэрт хотын оршин суугчдын ихэнх нь ажилладаг байжээ.    


Үйлдвэр хаагдсаны дараа хотын дарга Пит буурин дээр нь Ignition гэдэг нэртэй технологийн парк байгуулахаар шийдвэрлэснээс гадна хотод хөрөнгө оруулалт татахын тулд 71 хэсэг газрыг хувийн компаниудад худалджээ. 


Буттижич хотын даргын дараагийн сонгуульд хялбархан ялсныхаа дараа “1000 хоногийн дотор үл хөдлөхийн 1000 объект” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд хаягдсан эсвэл нурах дөхсөн барилгуудыг дуудлага худалдаагаар оруулж, тэдгээр барилгыг сэргээн засварлах уу эсвэл нураагаад оронд нь шинэ объект барих уу гэдгээ өөрсдөө шийдэх эрхийг худалдан авсан компаниудад өгсөн аж.  Үүний дүнд Питийн товлосон хугацаанаас хоёр сарын өмнө “1000 объект” бүгд эзэнтэй болсноос гадна бүх барилгын тал хувийг хөрөнгө оруулагчид сэргээн засварлахаар болжээ.


“Өрсөлдөгч Пит”


2018 оны 12 дугаар сард Буттижич хотын даргын сонгуульд 3 дахь удаагаа оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Сарын дараа тэрбээр штабаа байгуулж, 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.


Мөрийн хөтөлбөртөө “хотын дарга Пит” Ардчилсан намын лидерүүд болох Ж.Байден, Б.Сандерс нарын дэвшүүлж буй санаа оноог бараг үг үсэг гээлгүй давтан оруулсан аж. Тэрбээр эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг бууруулах, үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулж, АНУ-д цаазын ялыг халах нь зүйтэй гэж уриалж байв.


Түүнчлэн төлөөлөн сонгох хэлбэрээс татгалзаж, нууцаар шууд санал хураах зарчимд шилжих замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг санал болгож байлаа.

Түүнээс гадна, Буттижич Афганистанаас Америкийн цэргийг гаргах нь зүйтэй гэж үздэг ба Израилийн нутаг дэвсгэрт Еврейн ба Палестины гэсэн хоёр тусгаар улсыг байгуулахыг дэмждэг байна. Мөн Хятадад хүний эрхийг байнга зөрчиж буйг буруушаадаг ажээ.


Тэрбээр Трампын эсрэг импичмент зарлах тухай Конгресс дахь Ардчилсан намынхны саналыг дэмжин үг хэлэхдээ “өөрийг нь огцруулах бүхий л шалтгаан нөхцлүүдийг Цагаан ордны эзэн өөрөө бий болгосон” гэж мэдэгдэж байжээ. Үүний сацуу “одоогийн ерөнхийлөгч импичментээр огцрох бус харин 2020 оны сонгуульд ялагдах нь АНУ-ын эрх ашигт илүү нийцнэ” хэмээн үздэг. Чухам ийм учраас сонгуульд оролцохоор шийдсэн гэдгээ тэрбээр Айовагийн сонгогчдод ухуулан тайлбарлаж байлаа. 


Этгээд содон өрсөлдөгч


Пит Буттижич нь ерөнхийлөгчид өрсөлдөх явцдаа өөрийн бэлгийн чиг хандлагын талаар ил тодоор мэдэгдсэн Америкийн түүхэн дэх анхны хүн болж байна. Өмнө нь 2012 онд ижил хүйстэн гэдгээ ил тодоор зарладаг байсан Бүгд Найрамдах намын гишүүн Фред Каргер ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж оролдсон боловч хэдхэн сарын дараа энэ бодлоосоо татгалзаж байжээ. 


Пит 2015 онд South Bend Tribune сонинд “Хүлээн зөвшөөрөхийн утга учир” гэсэн гарчигтай нийтлэл бичсэнээр өөрийгөө ижил хүйстэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хотын иргэдэд хандан “өөрийнхөө өмнө, дотнын хүмүүсийнхээ өмнө ил тод, шударга байх”-ыг уриалж байжээ.  Үүнээс хоёр жилийн дараа “хотын дарга Пит” дунд сургуулийн багш Частин Глезман-тай гэрлэх гэж байгаагаа зарласан ба улмаар 2018 оны 6 дугаар сард тэд Саут-Бэнд хот дахь ариун Иоанны сүмд гэрлэлтээ батлуулжээ.


 “Хотын дарга Пит” ерөнхийлөгч болж чадах уу?   


Пит Буттижич Айовад болсон сунгаанд ялсан явдлыг Америкийн улс төр судлаачид төдийлөн ойшоож үнэлэхгүй байна. Учир нь, тус муж улсын сонгогчид хэд хэдэн өрсөлдөгчдийн дотроос арай илүү таньж мэддэг хүнээ сонгосон аж.  Тус муж улсын хүн амын ихэнх нь цагаан арьстнууд бөгөөд Буттижич ч мөн адил баруун төв нутгаас гаралтай хүн юм.

Буттижичийг Айовагийн 45-аас доош насны иргэд дэмжсэн бол үндэсний хэмжээний санал асуулгын дүнгээр Ж.Байден урьдын адил тэргүүлж, бага зэргийн зөрүүтэйгээр Б.Сандерс удаалж байна.  Үүнээс гадна, ижил хүйстэн гэдгээ ил тод зарладаг хүний төлөө саналаа өгөхөд Америкийн сонгогчид сэтгэлзүйн хувьд хараахан бэлэн биш байгааг ихэнх ажиглагчид онцолж байгаа юм.


“Хар арьстан хүн ерөнхийлөгч болсон гэдэгтэй америкчууд арай ядан эвлэрч байсан билээ. Үүнээс үүдэн 2016 оны сонгуульд Д.Трамп ялсан юм. Америкийн хөдөөний сонгогчид болон жижиг хотуудын иргэд том хотуудын оршин суугчдын эсрэг саналаа өгсөн. Тэгэхээр 2020 онд бүх талаараа этгээд содон хүн болох “хотын дарга Пит”-ийг сонгох нь юу л бол” хэмээн Вашингтон дахь Брукингийн хүрээлэнгийн шинжээч Марвин Калб дүгнэн хэллээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

 

 

Холбоотой мэдээ