Д.Чойжамц: Хулгана жилийн заслыг хөл хорио цуцалсны дараа ном ёсоор нь хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-02-14 14:47:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. " Хулгана жилийн заслыг хөл хорио цуцалсны дараа ном ёсоор нь хийнэ. Харин хөл хорионы үеэр олон хүн цуглуулахгүй" гэж Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц өнөөдөр мэдээллээ.

Тус хийдээс зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тэрбээр мөн ирэх жилийн өнгө зурхайд хэрхэн буусныг хэлэхдээ “XVII жарны төмөр хулгана жил сайхан жил гарах янзтай байна. Залуучуудад хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж зурхайд буусан. Мөн дээдсүүдэд ширүүн, дунд түвшний хүмүүст бүр ширүүн гэж буужээ. Энэ бол зурхайн магадлал юм" гэж тодотгоод "Гандан хийд 13-14 салбартай, бүх салбараараа ханиад томууны эсрэг ном гүрмийг түм бумаар нь уншиж байна. Вирусний халдварын эсрэг үрэл утлага тараах, Гандан хийддээ ном уншлага хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Түүнчлэн Д.Чойжамц хамба "Төр засгийн шийдвэрийн дагуу Гандан дотооддоо гарын ариутгал, амны хаалтыг боломжоороо хангаж, мөн сүсэгтнүүддээ ч тарааж байна. Хулгана жилийн заслыг хөл хорио цуцалсны дараа ном ёсоор нь, хуваарь гаргаад хийнэ. Харин хөл хорионы үеэр олон хүн цуглуулахгүй" гэж мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ