Хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-14 16:41:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдлаа. 

Хурлын үеэр хоёрдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг мэдээллээ.

Гэхдээ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлыг орон нутагтаа эрчимжүүлэн ажиллах нь зөв гэж албаныхан үзэж байна. 

Ховд аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Цаашид ч мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг үе шаттай зохион байгуулна гэж албаны эх сурвалж онцоллоо.  

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга бол амны хаалт тогтмол хэрэглэх. Тиймээс орон нутгийн оёдлын үйлдвэр, цехүүдийг түшиглэн амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн.

Цаашид хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл \автобус\ зорчигчдоо буулгаж, ачаа тээшээ бүрэн тараасны дараа ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах, Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийг зогсоосон учраас жолооч нарын одоогийн хаяг, байршлын судалгааг нарийвчлан гаргах, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэхэд анхаарах зэрэг хэд хэдэн саналыг энэ удаагийн хурлаар хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан юм.  

Холбоотой мэдээ