Тусгай сургуулийн сурагчид урлагаар өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-25 17:16:07

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай 6 сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадмыг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулахаар боллоо.

Нийслэлийн хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам олширсоор байна. Иймд эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах, нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий бүтээлч, хүсэл эрмэлзлэл бүхий иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хамтдаа инээмсэглэе” аяныг анх 2014 онд санаачлан зохион байгуулж иржээ.

Энэ жилийн наадамд тусгай 6 сургуульд суралцаж буй сурагчид Мэндчилгээ, Гоцлол дуу, Хамтлаг дуу, Уран уншлага, Гоцлол хөгжим, Гоцлол бүжиг гэсэн төрлөөр өрсөлдөх юм. Номинаци тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эзэд шалгаруулан, нийт үнэлгээгээр тэргүүлсэн нэг сургуулийг “Гран при” шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм.

Тус урлагийн их наадам энэ сарын 30-нд Хил хамгаалах ерөнхий газрын концертын танхимд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ