А.Овечкины 900 дахь гоолыг "тэмдэглэнэ"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 10:08:50

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 19 /РИА Новости/. Оросын хоккейчин Александр Овечкин 900 дахь гоолоо оруулж, Хойд Америкийн Үндэсний хоккейн лигт /NHL/ 1500 дахь тоглолтоо хийснийг тохиолдуулан хүндэтгэлийн ёслол зохион байгуулахаар төлөвлөж байгааг "Вашингтон Кэпиталз" багийн хэвлэлийн алба мэдээллээ.


NHL-д тоглох хугацаандаа А.Овечкин нийт 898 гоол оруулаад байгаа бөгөөд 900 гэсэн тоонд хүрэхэд хоёрхон шайб оруулах дутуу байна. Мөн тус лигт 1500 дахь тоглолтоо хийх хүртэл дөрвөн тоглолт үлдээд байгаа юм.


“Үлдсэн тоглолтуудын аль нэг нь эхлэхийн өмнө “Кэпиталз” баг Овечкиний 900 дахь гоол, 1500 дахь тоглолтыг тэмдэглэхийн тулд тусгай ёслол зохион байгуулна” гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.


Үүнтэй холбогдуулан NHL-ийн комиссар Билл Дэйли хэлэхдээ “гоолтой холбоотой ёслолыг лиг зохион байгуулдаггүй, харин уламжлал ёсоор клубүүдийн зохион байгуулдаг ийм ёслолд биднийг урьдаг” гэлээ.   


Өдгөө 40 настай А.Овечкин NHL-ийн аварга шалгаруулах тэмцээний 1496 тоглолтод оролцохдоо 898 гоол оруулаад байгаа бол өмнөх дээд амжилты Канадын алдарт хоккейчин Уэйн Гретцки /1487 тоглолтод 894 гоол/ тогтоосон билээ.


Тодруулахад, бямба гарагт шилжих шөнө “Вашингтон Кэпиталз” баг өөрийн талбайд “Миннесота Уайлд” багийг хүлээн авч тоглох үеэр А.Овечкин 898 дахь гоолоо оруулж, өөрийн тогтоосон дээд амжилтыг ахиулсан байна. 

Холбоотой мэдээ