Ё.Зоригт: Мал маллах шиг сайхан ажил алга

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-18 11:47:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гучин-Ус сумынхан сар шинийн баяраа амжилт бүтээл дүүрэн угтаж байна. Тус сумаас “Аймгийн аварга малчин” 6, “Аймгийн манлай малчин” 1, “Аймгийн аварга саальчин” 1, “Аймгийн аварга ажилчин” 1, нийт 9 аварга тодорчээ.

Сумын нэгдүгээр багийн Хүрэндэл хэмээх газар өвөлжиж буй малчин Ё.Зоригттой товчхон хөөрөлдлөө. Тэрээр улсад 35 жил ажилласнаас “Алдар” нэгдлийн жолоочоор 12 жил ажиллаж, 23 дахь жилдээ мал маллаж байгаа юм. 1997 онд гэргийн  хамт 100 гаруйхан толгой малтай хөдөө гарч байсан бол өдгөө мянга давсан малтай болжээ.

“Сэтгэл, зүтгэл байвал болдог л юм байна” гэж ярих түүний ажил хөдөлмөрийг төр засаг үнэлж, 2011 онд “Манлай тээвэрчин”, 2015 онд “Сумын аварга малчин”, 2008 онд “Монгол Улсын хүндэт харваач” цол тэмдгээр шагнасан байна.

 - Аймгийн аварга малчин болж байгаад баяр хүргэе. Мал сүрэг онд мэнд оров уу?

- Баярлалаа. Бид хоёр 20 гаруй жил маллаж байна. Дөрвөн хошуу малтай, хонь ямаа голчлон өсгөдөг. Энэ жил жаахан өвс тэжээл муутай болохоос сайхан өвөл боллоо.


Гэргий Д.Дэнсмаа: - Манайх энэ жил отор нүүдэл хийж чадаагүй. Өвгөн хөлөө гэмтээчихээд гурван сар гаруй хэвтэж байгаад ирсэн. Тийм болохоор малдаа таван сая төгрөгөөр өвс тэжээл сайн авсан. Энэ жил хатуу жил бишээ, сайхан жил. Энэнээс дор жил байдаг шүү дээ. Дэлхий баян юм болохоор малаа тогтоогоод л хариулаад байвал гэдэс дүүрэн л байна. Залуучууддаа хэлэхэд малаа өглөө хөөж гаргачихаад орой тууж ирээд байх юм бол мал дороо муудна. Аль болох нөмөр нөөлөгтэй газрыг бараадуулаад тогтоож хариулвал мал өлсөхгүй, өөрсдөө хоолоо олоод идчихнэ. Ер нь өөрөө ажлаа зөв зохицуулж чадвал мал маллах шиг амархан ажил байхгүй ээ.


-Та мал маллахаас өмнө жолоо барьдаг байсан гэж сонссон. Хэдэн жил жолоочоор ажиллав?

-Сумынхаа нэгдэлд 1984 оноос 1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. Зах зээл болоод ажлаасаа гарч, хөдөө гарсан даа. Хөдөө мал маллах шиг сайхан амьдрал алга. Урьд цагт жижиг гэртэй, дэн дунтай л байдаг байсан. Одоо чинь өөрөө л хөдөлмөрлөж чадвал хүссэнээрээ л амьдрах боломжтой болж байна.

- Аавыгаа дагаж мал маллах хүүхэд бий юу?

- Манай нэг хүү 3 дугаар ангиасаа мал дээр гарсан. Цэрэгт явж ирчихээд малаа маллаж байна даа. Манайх малаа цөөн цөөнөөр гурван хэсэг болгож хариулдаг. Хоол олж идэх нь арай дээр байдаг юм. Гурвуулаа л малынхаа араас зүтгэнэ. Мал төллөх үед туслах малчин авдаг. Ер нь малаа мянгаас давуулахгүй байгаа. 1700 толгой малтай байж үзсэн. Энэ жил цаг хатуурна гээд малаа нэлээн борлуулсан. Хургаа тэр чигт нь зарж, 400-аад толгой мал цөөлсөн.  

- Танайхан удам дагасан малчид уу?

- Энэ жил манай удмаас Д.Мөнхбат, С.Чойдоггямцай гээд аваргууд төрлөө. Бас Баруунбаян-Улаан суманд нэг аваргатөрөөд байна. Мянгат, улс, аймгийн аварга малчид манай удамд цөөнгүй.

Холбоотой мэдээ