Блумберг сонгуульд ялвал хэвлэл мэдээллийн компаниа худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-19 14:01:46

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал 40 орчим жилийн өмнө байгуулсан “Bloomberg LP” хэвлэл мэдээллийн компаниа худалдахаа мэдэгджээ.


The Wall Street Journal” сонины мэдээлснээр, 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Блумберг ялвал компаниа итгэмжийн санд шилжүүлэх бодолтой байгаа аж. Шинжээчид энэ гэрээг 60 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ гэж тооцоолж байна.


Штабын байр суурь


“Bloomberg LP” компанийг гадны субъект юмуу шууд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг компанид худалдаж магадгүй байгааг тэрбумтан Майкл Блумбергийн сонгуулийн штабын төлөөлөгч Тимоти О'Брайен үгүйсгээгүй байна.


"Бид санхүүгийн болон албаны ашиг сонирхлын зөрчлийн хувьд Дональд Трампаас ялгаатай байхыг хүсэж байна. Д.Трамп санхүүгийн ашиг сонирхлоосоо хөндийрхөөс татгалзсан нь ерөнхийлөгчийн хувьд толбо гэж бид үзэж байгаа” хэмээн тэрбээр ярьсан байна.


АНУ-ын Ардчилсан намын үндэсний хороо орон даяар телевизийн мэтгэлцээн явуулах дүрэм журамд өөрчлөлт оруулсан нь М.Блумбергт мэтгэлцээнд оролцох боломжийг олгожээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлыг явуулахад хамгийн багадаа 225 мянган хүнээс хандив цуглуулсан өрсөлдөгчдийг л мэтгэлцээнд оруулна гэсэн журмаа Ардчилсан намын үндэсний хороо хүчингүй болгосон байна.  Блумберг кампанит ажлаа үндсэндээ өөрийн зардлаар санхүүжүүлдэг байна.


“NBC” телевиз болон “The Wall Street Journal” сонины захиалгаар энэ сарын 14-17-нд явуулсан олон нийтийн санал асуулгаар Нью-Йорк хотын дарга асан Блумберг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчид дундаа нэр хүндийн түвшингээр 14 хувийн саналаар Массачусетс мужийн сенатч Элизабет Уоррены адилаар гуравдугаарт жагсаж байна. Энэ үзүүлэлтээр Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нар тэргүүлж байгаа аж. 


Тэрбумтан нэр дэвшигчийн талаар товчхон дурдвал


Өнгөрсөн онд орлого нь 5.7 хувиар нэмэгдэж, 10.5 тэрбум орчим ам.долларт хүрсэн “Bloomberg LP” компанийн 88 хувийг тэрбумтан Блумберг эзэмшдэг байна. Энэхүү хэвлэлийн компани нь 325 мянга орчим үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл цацдаг аж. 


Улс төрч Блумберг өнгөрсөн оны 11 дүгээр сард сонгуулийн өмнөх сунгаанд оролцож, олон нийтийн хэвлэл мэдээлэл дэх сурталчилгаанд 385 сая гаруй ам.долларыг зарцуулжээ.


Forbes”сэтгүүлээс гаргасан тооцооллоор Блумбергийн хөрөнгө 63 тэрбум орчим ам.доллароор үнэлэгддэг байна. Түүний кампанит ажил эдийн засаг, эрүүл мэнд, цагаачлал, боловсрол, олон нийтийн газар галт зэвсэг ашиглах тохиолдлуудыг таслан зогсоохтой холбоотой асуудлуудад төвлөрч байна.


59 дахь удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болох юм. 

Холбоотой мэдээ