Бразилд олимпын объектуудыг барих явцад 11 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-26 12:23:39

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд удахгүй болох Олимпын наадмын объектуудыг барих явцад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 11 хүн амиа алджээ. Энэ тухай Рио-де-Жанейро хотын Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн бүс нутгийн удирдах газрын тайлан мэдээнд дурдсан байна. Уг тайлан мэдээг даваа гарагт нийтэлжээ.

“Бид 11 хүн амиа алдсан тохиолдлыг бүртгэсэн бөгөөд энэ бол маш харамсмаар явдал юм. Эдгээрийн нэг нь ч санамсаргүй тохиолдол биш бөгөөд хайхрамжгүй байдал, техникийн аюулгүй байдлын дүрэм журмыг даган мөрдөөгүй нь эмгэнэлт явдлын шалтгаан нь юм. Төр засаг дахин ийм хэрэг гаргуулахгүй байх ёстой” гэж дээрх газрын дарга Робсон Лейте мэдэгджээ. Тэрбээр Олимпын объектуудыг барихдаа “яарч, хайнга төлөвлөсөнтэй” дээрх ослууд холбоотой байж болохыг үгүйсгэсэнгүй.

Бразилд 2014 онд зохион байгуулсан хөлбөмбөгийн ДАШТ-нд бэлтгэх ажлын явцад 8 хүн амиа алдаж байжээ. Харин 2012 оны Лондоны олимпын наадмын объектуудыг барих үед хүний амь эрсэдсэн осол огт гараагүй юм.

Зуны Олимпын XXXI наадам Рио-де-Жанейро хотод наймдугаар сарын 5-21-нд болно. Энэ удаагийн олимп нь Өмнөд Америкт зохион байгуулж буй анхны наадам юм. Харин Паралимп хэдэн долоо хоногийн дараа есдүгээр сарын 7-18-нд болно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ