Таван аймгийн 30 гаруй суманд өвөлжилт хүндэрч байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-02-19 17:57:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд таван аймгийн 30 гаруй суманд өвөлжилт хүндхэн байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг өвөлжилт хүндрэх төлөвтэй аймаг орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа. Цагаан сараас наана хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аймаг орон нутагт өвс, тэжээл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгааг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлж байна.

ХХААХҮЯ-наас аймаг, орон нутгийн удирдлагад хаваржилтыг даван туулахын тулд мал төллөлтийн үеэр аймаг, орон нутгийн аюулгүй нөөцийг ханган зохион байгуулах шаардлагатай гэсэн чиглэл зөвлөмж өгөөд байна. 

Олон мал оторлож буй, мөн отроор мал хүлээн авч буй Булган зэрэг аймаг, сум өвс тэжээлийн нөөцийг ханган задлан хуваарилж ажиллахыг сануулж байна. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 2 дугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.


Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.


Холбоотой мэдээ