Цасан шуурганы улмаас алга болсон иргэнийг олов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-03 11:26:22

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 02-нд цасан шуурганы улмаас хүн алга боллоо гэх дуудлага Өргөн сумаас аймгийн Онцгой байдлын газарт хэд хэдэн удаа иржээ.

Хамгийн сүүлд тэмээтэй малдаа явсан 60 настай эрэгтэй, мөн эцэг эх нь 13 настай эрэгтэй хүүхдээ гэртээ үлдээгээд гадагш яваад ирэхэд хүүхэд нь  алга болсон гэх дуудлагаар тус сумаас хоёр автомашин найман хүн эрлийн ажиллагааг эхэлсэн байна. Албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж бэлчээрт байхад олсон байна. Тэдгээр иргэд цасан шуурганд даарч бээрсэн байдалтай байсан аж.

Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ үлдээхгүй байж, шаардлагагагүй тохиолдолд шуурга намдтал гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. Өнгөрөгч бямба гаригаас эхлэн Дорноговь аймгийн хэмжээнд  цас орж зарим сумдад цасан шуургатай байна.

Мөн малтайгаа уруудах, шуурганд төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, жолооч нар онцын шаардлагагүй бол хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулав.

Холбоотой мэдээ