Аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагаа 8-9 дүгээр сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-03 10:34:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2020 онд “Хотод ойрхон говь” аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагааг 8-9 дүгээр сард гурван бүсэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, “Хотод ойрхон говь” аялал жуулчлалын эвентийг тус аймгийн Бага газрын чулуу, Онгийн хийд, Цагаан суварга зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн зохион байгуулах аж.

Наймдугаар сарын 22-23-нд “Бага газрын чулуу” аялал жуулчлалын бүсэд “Айраг-адуучны баяр”, есдүгээр сарын 8-9-нд Сайхан-Овоо сумын Онгийн хийд байгалийн үзэсгэлэнт газарт “Малчны баяр - ардын урлагийн наадам”, есдүгээр сарын 26-нд Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Их говийн тэмээ” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Нүүдлийн мал аж ахуй, малчдын уламжлалт ёс заншил, өв соёл нь монголчуудыг бусад улс орноос ялгаруулдаг онцлогтой. Тиймээс энэхүү өв соёл, ёс уламжлалаа дэлхийд таниулж, түүнийгээ сурталчлах нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго юм.

Өнгөрсөн зун тус аймаг дээрх газруудад “Их говийн тэмээ”, “Малчны баяр”, “Адуучин - айрагны баяр”-ыг хийснээс гадна “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулсан юм. Энэхүү наадмын үеэр 3000 морин хуурч, уртын дуучдын тоглолтыг үзүүлж, малчдын ахуй амьдрал, онцлогийг харуулсан олон үзүүлбэрийг үзүүлсэн.

Харин энэ жил уламжлалт ахуй, өв соёлын үзүүлбэрүүдээс гадна “Ардын урлагийн наадам” зохион байгуулж, урлаг соёлоо мөн сурталчлах ажээ

Холбоотой мэдээ