Ё.Баатарбилэг: ЕБС-ийн сурагчдаас анги төгсөх болон улсын шалгалт авахгүй

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-03-05 14:09:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Шинэ эрин" сургууль дээр теле хичээл зааж буй багш нартай өнөөдөр уулзах үеэрээ, “Улсын шалгалт гэхээр заавал үздэг хэдхэн хичээлээр авдаг. Тэгэхээр бусад хичээл орхигддог. Тиймээс бид сурагчдыг бүх хичээлийн мэдлэгтэй болгох нь зөв гэж үзэж байна. Түүнчлэн таван долоо хоногийн хичээлийг телевизээр дамжуулан зааж байгаа. Гэхдээ энэ хангалттай биш учраас сургууль эхлэхэд сурагчид амралтын өдрүүдэд нөхөж хичээллэх, гуравдугаар улирлын амралтаар амрахгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд дүнг 4 улирлын дунджаар гаргана гэсэн байр суурьтай байна. ЭЕШ хэвийн үргэлжилнэ. Энэ жил 28 мянга орчим сурагч 12 дугаар анги төгсөнө” гэж хэллээ. 


П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ