НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Перес де Куэльяр таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-05 16:16:17

ЛОНДОН. /BBC/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Перес де Куэльяр 100 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Перу дахь гэртээ нас барсан гэж түүний хүү "RPP" радиостанцад мэдээлсэн байна. Перес де Куэльяр дэлхийн хамгийн өндөр настай улстөрчдийн нэг байсан юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1982 оноос 1991 оны хооронд хоёр жил дараалан хашихдаа тэрбээр Латин Америк, Африк, Ази болон Ойрхи Дорнодод энх тайван тогтоох хэд хэдэн чухал баримт бичгийг батлуулж чаджээ. Тухайлбал, 1988 онд Иран, Иракийн хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулж, найман жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн эцэс болсон юм.


НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш түүний нас барсан тухай мэдээг сонсоод "харамсаж байгаагаа" илэрхийлжээ. "Тэрбээр улс төрийн туршлагатай зүтгэлтэн, үнэнч дипломат байсан бөгөөд НҮБ болон дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлсэн" гэж Гуттерриш хэлсэн байна.


Харин Перу улсын Ерөнхийлөгч Мартин Вискарра түүнийг “бүхий л амьдралаа ажилдаа зориулсан жинхэнэ ардчилагч” гэж нэрлэжээ.


Хуульч ба дипломатч

Перес де Куэльяр Перу улсын Гадаад хэргийн яаманд ажиллаж эхлэхээсээ өмнө Лима хотын Католикийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцжээ. Тэрбээр Европ, Латин Америкийн орнууд дахь Элчин сайдын яаманд ажиллаж, 1946 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн анхдугаар чуулганд оролцох Перу улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байв.


НҮБ-д тэрбээр Аюулгүйн Зөвлөлийг даргалж байсан бөгөөд 1974 онд Турк улс Кипрт халдан орсны дараа Грек, Туркийн хооронд найрамдлын гэрээ байгуулахад тусгай төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэжээ.


1982 онд НҮБ-ын тав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болж, уг албан тушаалд сонгогдсон Латин Америкийн анхны хүн болсон байна. Перес де Куэльяр АНУ, ЗХУ-ын хооронд өрнөсөн хүйтэн дайны он жилүүдэд НҮБ-ыг тэргүүлж байв.


1991 онд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд тэрбээр Баруун Сахарын дайн, Сальвадор, Камбож, Никарагуа дахь иргэний дайныг зогсооход хувь нэмрээ оруулсан юм. 1995 онд Перугийн Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн боловч ердөө 22 хувийн санал авч, Альберто Фухиморид ялагджээ.


Фухимориг 2000 онд дуулиан шуугианд холбогдон албан тушаалаасаа огцорсны дараа Гадаад хэргийн сайд болон Ерөнхий сайдын албыг хэсэг хугацаанд хашиж, түр Засгийн газарт сонгууль зохион байгуулахад нь тусалсан байна. Перугийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Алехандро Толедо хожим нь түүнийг Францад суух Элчин сайдаар томилж байжээ.


Перес де Куэльярыг гуравдугаар сарын 6-нд оршуулахаар болжээ.

Холбоотой мэдээ