Э.Уоррен ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-06 09:41:51

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигчийг тодруулахаар 14 муж улсад явуулсан “супер мягмар гараг”-ийн сунгааны дүн гарсны дараа Массачуссетс муж улсын сенатч Элизабет Уоррен сонгуулийн кампанит ажлаа дуусгаж буйгаа мэдэгджээ.


Авлигыг үндсээр нь устгана хэмээн амлаж байсан, 70 настай Э.Уоррен Массачусеттс муж улсын Кембриж хотод пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдэгджээ. Харвардын их сургуулийн Хууль зүйн тэнхимийн профессор байсан түүнээс цаашид хэнийг дэмжих талаар асуухад, бид сайтар бодсоны эцэст шийдвэрээ гаргана гэж хариулсан байна. 


“Супер мягмар гараг”-ийн сунгаа болохоос өмнө Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижич, Миннесота муж улсын сенатч Эми Клобучар нар өрсөлдөөнөөс гарсан бөгөөд тэдний аль аль нь дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.


Энэ долоо хоногт болсон “Супер мягмар гараг”-ийн сунгаанд Ж.Байден 10 муж улсад ялалт байгуулсан бол Вермонт муж улсын сенатч Берни Сандерс үлдсэн дөрвөн муж улсад тэргүүлсэн юм. Харин Э.Уоррены хувьд өөрийн төлөөлдөг муж улсдаа гуравдугаарт жагссан байна.

Холбоотой мэдээ