Орос, Турк, Казахстанаас ирэх, буцах нислэгийг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-10 16:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс (УОК)-ын хуралдаанаар Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар, Улаанбаатар-Нур-Султан-Улаанбаатарын хуваарьт нислэгийг энэ сарын 13-ний 06.30 цагаас 28-ныг дуустал зогсоохоор шийдвэрлэлээ.


Нислэг зогсоосон хугацаанд дээрх орнуудаас эх орондоо яаралтай ирэх шаардлагатай иргэдийг УОК-ын шийдвэрээр МИАТ компанийн онгоц очиж авах аж. Мөн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамын боомтоор Орос руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 29 хүртэл, Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатарын галт тэргийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоожээ.


Энэхүү шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, “ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монголын иргэн, Монголоос ОХУ руу гарах хүсэлт тавьсан гадаадын иргэнийг зохион байгуулалтай, тусгай журмаар хил нэвтрүүлнэ. Монгол болон ОХУ-ын төмөр замын ажилтнуудыг хэвийн нэвтрүүлэх юм. Ингэснээр ачаа тээвэр хэвийн үйлчилнэ” гэлээ. 


"COVID-19" халдвар илэрсэн Францын иргэн гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот" компанийн нислэгээр Улаанбаатарт ирээд Баянгол зочид буудалд гурав хоножээ. Ингээд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очсон байна. Гуравдугаар сарын 7-нд бие нь зарайж байна гэсэн зовуурьтайгаар кэмпийнхээ эмчид хандахад 37.4 хэмийн халуунтай байжээ. Маргааш нь 38 хэм болсон байна. Тухайн эмч эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу шинжилгээ авахад коронавирус илэрсэн. Одоо нэгдүгээр хавьтлын хүмүүсийг илрүүлж, ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгаа бөгөөд хариу нь маргааш гарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэв. Мөн хамт зорчсон, ойр байсан хүмүүсээс халуурсан хүн байхгүй гэдгийг дурдсан юм.

Холбоотой мэдээ